Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр: Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм.
Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4.6 хувьтай байсан эдийн засаг, 7 хувийн өсөлтөд хүрсэн нь 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг хоёр дахин тэлж, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1,700 ам.доллараар нэмэгдүүлж, 5,875 ам.долларт хүргэлээ.
Нэг үгээр хэлбэл, 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Харамсалтай нь нэг гарсан алдааг засах гэж бүтэн 10 гаруй жил зарцуулагддагийг бид өнгөрсөн түүхээсээ суралцаж байна, иймд бид дахин алдахгүй байх ёстой.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүхэнд хүртээмжтэй болох суурь реформ хэрэгжиж эхэллээ. Баялгийн сангийн Хуримталын санд төвлөрүүлэх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд орсон байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бидэнд ямар боломж нуугдаж байсны энгийн нэг жишээ юм.
E-Mongolia цахимжилт амжилттай хэрэгжиж, шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна. Нийгэм ч авлигыг үл тэвчих сэтгэлзүйтэй болж төлөвшлөө. Энэ нь өнгөрсөн хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн билээ. Бид хүрсэн ёсзүйн өндөрлөгөөсөө доош унахгүй, харин цааш тэмүүлж чадвал авлигагүй нийгэм бүрдэх хугацаа хол биш ойр байна.
Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж, бодитой прагматик шийдлийн мэтгэлцээн өрнөж эхэлж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын 126 гишүүн бүхий сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд томоохон алхам хийж, нийгмийн салбар төлөөлөл парламентад дуу хоолойгоо илэрхийлэх бодит боломж нээгдлээ.
Дэлхий дахинд манай энэхүү дэвшлийг сайн загвар болгон судалж байна. Бид сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхийн төлөө илүү хичээх учиртай.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой болж, 560 гаруй салангид баримт бичгүүдийг нэгтгэж чадсан нь мөн л олон улсад үнэлэгдэж улс орнууд туршлага судалж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амилж, сонгуулийн тойрог бүсчлэгдэн томорлоо.
Тухайн үед биелэгдэшгүй мэт сонсогдож байсан ч, эргээд харахад ард нь гарч чадсан Шинэ сэргэлтийн бодлогын реформыг дэмжсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье гэжээ