Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онуудад тодотгол, шинэчлэл хийгджээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нийт 15 дагуул хот, тосгонтой байхаар баталсан байдаг. Гэвч дагуул хотыг хэрхэн байгуулах, бүтэц зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалтгүй байгаагаас үүдэн үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47.4 хувь буюу 1.596.335 иргэн оршин сууж байна.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 175.200 буюу манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74.7 хувьтай, нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 33.8 их наяд төгрөг буюу үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 69.2 хувьтай тус тус тэнцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 6 бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд,
-Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд хотын эдэлбэр газрын хэмжээг Улсын Их Хурал тогтооно;
-Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэл болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, амралт, аялал жуулчлалын, худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүсчлэлтэй байхаар тусгасан;
-Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ирээдүйн хотын олон улсын концепцийн дагуу төлөвлөх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, иргэд оршин суугаа газраасаа 300-500 метр зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт хүрэх төлөвлөлтийг хэрэгжүүлнэ;
-газар ашиглуулах асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална;
-Шинэ Зуунмод хот төсөвтэй байна. Тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хуУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газвийг Төв аймгийн төсөвт хуваарилах зарчим баримтална;
-орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ;
-Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;
-бусад улсын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болно гэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ
Эx Сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар