“Оюу толгой” компани 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.
Бид гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ улиралд 13 хүдэр булгуурыг тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 99 боллоо. Манай хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө аюулгүй ажиллагааг ханган гүний уурхайгаа ахиулан ажилласаар байна.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба нэгдүгээр улирлын эцэст 94 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгана. Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил 2023 оны 12-р сард эхэлсэн бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.