Турк улсын Стамбул хотод энэ сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн өрсөлдөөн буюу дэлхийн эрхийн тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 3 нийт 7 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Бид тэмцээний бэлтгэл сургуулилт, цаашдаа олимпт баг тамирчдыг ямар системээр бэлтгэн ажиллаж буй талаар тодруулахаар МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Удахгүй олимпын эрх олгох сүүлийн өрсөлдөөнд баг тамирчид зорих гэж байна уу?
Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Энэ 7 хоногийн сүүлээр явах гэж байгаа Туркийн тэмцээн бол олимпын эрх олгох сүүлийн тэмцээн. Дэлхийн тэмцээн гэж ярьдаг. Энэ тэмцээнд олимпын эрхээ аваагүй дэлхийн бусад бүх улс орны тамирчид ирнэ. Нийтдээ одоогийн байдлаар 540 тамирчин эрх авахаар бүртгүүлсэн байна. Түүнээс 54 тамирчин л эрхээ авна гэсэн үг. Тэгэхээр энэ тэмцээнд манай чөлөөт бөхийн холбооноос эрхээ аваагүй 7 жинд 4 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэл сургуулилтаа Найрамдал төв дээр хийгээд байж байна.
Парисын олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээс ердөө 54 тамирчинд эрх өгнө
Өмнөх олимпын циклд үзүүлсэн амжилтаа илүү ахиулах зорилго тавьж байгаа байх? Дээр нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын хувьд сүүлийн 44 жилийн хугацаанд олимпын алтан медалийн тавцанд хараахан зогсож чадаагүй байгаа?
Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Өмнөх циклд манай баг тамирчид нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Токиогийн олимпоос ирсэн. Мэдээж 9 тамирчинтай оролцоод 5 тамирчин медалийн төлөө барилдаж байлаа. Нэлээн өндөр үзүүлэлтийг тухайн олимпт гаргасан. Мэдээж тэр амжилтыг ахиулах зорилгыг бол тавьсан. Нэмээд хэлэхэд эрэгтэй олимпоос медаль аваагүй 44 жил болсон явж байгаа. Тэгэхээр энэ олон жил хүлээж байгаа медалийг авах том зорилго тавиад ажиллаж буйг дуулгая. Том том зорилгууд тавьчихсан ажиллаж байна. Гэхдээ эхний гол зорилго бид олимпын эрхээ авах асуудал дээр бүх анхаарлаа хандуулсан байж байна.
Танай холбооноос хамгийн эхний анхаарлаа хандуулж голлон ажиллаж байгаа нь Парисын олимпын эх олгох сүүлийн тэмцээн байгаа байх?
Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Тийм. Энэ тэмцээнээс ирсний дараа манай чөлөөт бөхийн холбооноос олимп хүртэл бүх нарийвчилсан төлөвлөгөөг тамирчин тус бүр дээр гаргаад тэгээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу бол явна. Мэдээж дотоод болон гадаадын хамтарсан бэлтгэл олимпоос өмнөх ямар том том тэмцээнүүд дээр оролцох төлөвлөгөөнүүдийг эцэслэн гаргана гэж хоорондоо ярилцаж тохирсон ажлууд бий. Холбооны зүгээс бол мэдээж тал талаас нь одоо гаднаас мэргэжлийн, хүчний, ажиллах чадварын, авхаалж самбаа, дасгалжуулагч болон гадны дасгалжуулагчийг урьж авчрах шаардлагатай бол энэ тал дээр тийм хүмүүстэй бид нар холбогдож байна.
Парисын олимпт бүтэн багаараа оролцох зорилгыг тавиад байна
БТСУХ-ны дэргэд олимп хүртэл “Дэмжих баг”-ийг дөрвөн чиглэлээр байгуулан ажиллаж буй. Энэ нь бодит үр өгөөжөө өгч байна уу?
Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Хоол зүй, сэтгэл зүй, мэргэжлийн тийм мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. БТСУХ-ноос гарч байгаа дэмжих багуудтай хамтарч ажиллах гэрээг байгуулсан учраас хоол зүй, сэтгэл зүй, тэгээд дасгалжуулалт, анагаах ухааны чиглэлээр манай эмч, сувилагч, массажистууд маань тэр нэмэлт үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ болгоныг бид балансыг нь сайхан тааруулж, аль болох сайн талаас нь бүх хэрэгтэй зүйлсийг бүрдүүлж ажиллахын тулд холбооны зүгээс гол анхаарлаа хандуулж байна.
Туркт болох тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх баг тамирчдын нэрсийг танилцуулъя
Эмэгтэй:
53 кг-ийн жинд Б.Хулан
57 кг-ийн жинд Б.Хонгорзул
76 кг-ийн жинд Э.Даваанасан
Эрэгтэй:
57 кг-ийн жинд З.Занабазар
65 кг-ийн жинд Т.Тулга
74 кг-ийн жинд О.Сүлдхүү
97 кг-ийн жинд Г.Ганхуяг нар энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Мөн тус тэмцээнд манай улсаас сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин барилдах ажээ.
Сонгомол бөхийн төрлөөр:
97 кг-ийн жинд Б.Бадамдорж
60 кг-ийн жинд Б.Мөнх-Эрдэнэ нар оролцохоор бэлтгэл сургууилтаа хангаж байна.