Нийслэл Улаанбаатар хотод монголчуудын хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдардаг. Нэг ёсондоо даац нь хэтэрчихээд байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Мэдээж улс эх орны ирээдүй хойч үе болон өсч торниж яваа цэцэг цэврүү шиг хүүхэд багачуудаа, томчууд бид хамгаалах, хайрлах нь зүй ёсны ухамсрын асуудал. Гэтэл өнөөдөр хүүхэд багачууд маань хүн амын хамгийн их төвлөрсөн их хотдоо эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тоглож наадам, өсөн торних эрх нь хамгийн ихээр зөрчигдсөөр байна. Наад захын жишээ гэхэд л “Хүүхдийн тоглоомын талбай“-н асуудал зайлшгүй анхаарах ёстойг илтгэж байна. Тоон статистикаас харахад 2018 онд 1118 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад гэмтэж, бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авчээ. Мөн тухайн онд хөлбөмбөгийн талбай дээр тоглож байсан хөвгүүн амиа алдсан харамсалтай хэрэг ч гарч байв. 2019 онд тоглоомын талбайд тоглож наадаж байгаад гэмтэж, бэртсэн хүүхдийн тоо 2200 болж өсчээ. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2022 онд 2453 хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байгаад ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн тохиолдол эмнэлэгийн байгууллагад бүртгэгджээ. “Иргэд, эцэг, эхчүүд, асран хамгаалагчид бид хүүхдийн тоглоомын талбайн хажуугаар өнгөрч явахдаа эвдэрсэн, хэмхэрсэн ямар нэгэн зөрчилтэй буйг харсан хэрнээ үүнийг засаж залруулах, зохих арга хэмжээ авхуулах талаар холбогдох байгууллагад ханддаггүй, цаашлаад энэ талаар арга хэмжээ авах талаар зохих газарт мэдээлэл өгөх зэргээр анхаарал хандуулдаггүй, зүгээр л нүдээ таглаад, амаа хаагаад орхичихдог”. Тэгвэл холбогдох байгууллагаас гадна эцэг эхчүүд, томчууд бид үүний эсрэг өөрсдийн чадах хэрээр хэрхэн ямар арга хэмжээ авбал зохистой вэ? Болохгүй, бүтэхгүй, дутагдлын хажуугаар бид дуугүй өнгөрсөөр байх уу? Аль эсвэл өөрийн чадах хэмжээнд иргэн хүний үүрэг, оролцоогоо зохих ёсоор бодитойгоор нэмэгдүүлэх үү… Хүүхэд багачуудын аюулгүй байдал, эсэн мэнд байх асуудал дээр бидний оролцоо ч өнөөгийн нийгэмд чухал болоод байна. Монгол улсын хувьд 2019 онд “Хүүхдийн тоглоомын талбай”-н үндэсний дүрэм журам бүх стандартыг нь баталчихсан байдаг аж. Тэгвэл энэхүү дүрэм журман дээр үүнийг ашиглалт, аюулгүй байдлыг нь хэн хангах, хэн хариуцах юм бэ гэдгийг нь маш тодорхой зааж өгсөн байдаг. Ашиглалт, хамгаалалт, үйлчилгээг нь тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар, газрын эзэмшигч нь бүрэн хариуцна гээд заачихсан байдаг. Гэвч энэ стандарт, дүрэм журам хөрсөн дээр бодитоор бууж, хэрэгжихгүй байгаа нь анхаарал татаж байна. Судалгаагаар Улаанбаатар хотын нийт 9 дүүргийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байна. Үүнд сагсан бөмбөг, хөлбөмбөгийн гээд спортын талбайг багтаан тооцжээ. Үүнээс 465 нь стандартад нийцээгүй, засаж залруулах, засвар хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг холбогдох албаныхан гаргажээ. Дүүрэг дүүргээр нь авч үзвэл: -Баянгол дүүрэг байшин хороолол ихтэй байдаг, үйл ажиллагаа явуулж буй СӨХ-үүд газар эзэмшигч нь буюу газрын эрхийг эзэмшигч нь авсан байдаг. Гэсэн хэрнээ маш “хангалтгүй” дүнтэй үзүүлэлт гарчээ. -Чингэлтэй дүүрэг “маш их” хангалтгүй. -Баянзүрх дүүрэг “хангалтгүй”. -Хан-Уул дүүрэг хангалттай 145, хангалтгүй 315. Байшин хороолол ихтэй бүсдээ Хүүхдийн тоглоомын талбайн стандарт хангалттай хэрнээ гэр хороолол болон Яармаг орчмын бүсэд “хангалтгүй” гэсэн судалгаа гарсан ажээ. -Сүхбаатар дүүрэг нийт хүүхдийн тоглоомын 189 талбай байгаагаас 49 нь л “хангалттай”, үүнээс “хангалтгүй” 143 байгаа бөгөөд тохижилтыг нь анхаарах, зөвхөн засаж залруулах ийм шаардлага байгааг судалгаагаар дүгнэжээ. -Сонгинохайрхан дүүрэг 174 тоглоомын талбай байгаа боловч 911 нь “хангалтгүй”. Байшин хороолол барихад “хүүхдийн тоглоомын талбай”, ногоон байгууламжийн эзлэх зай хэмжээг зааж өгсөн стандарт байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд орон сууцны хороолол олноор барьж, өндөр өндөр байшингууд сүндэрлэж байгаа ч мөрдөх ёстой дүрэм журам, стандартаа илтэд зөрчсөөр байна. Хүүхдийн тоглоомын талбай огт байхгүй, эсвэл жижигхэн алга дарам газарт ганц нэгхэн тоглоом байрлуулчихаад хүний нүдийг хуурсаар байгаа нь нууц биш. 1. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт хангагдахгүй байна. 2. Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайн бүтээн байгуулалт байхгүй, байгаа тоглоомын талбайн хүртээмж хүрэлцдэггүй. Ер нь гадны улс орнуудад нэгдүгээрт иргэний эрүүл, аюулгүй амьдрах, оршин суух эрхийг маш хүндэтгэж иргэндээ ээлтэй, эко, аюулгүй байдлыг бүрэн хангаж өгсөн байдаг. Харин манай улсад эсрэгээрээ Үндсэн хуулинд заасан хүний эрхийг зөрчиж, хүүхэд багачуудын аюулгүй орчинд өсөж бойжих эрхэд нь ноцтой хохирол учруулсаар байна. Тэгвэл шинээр орон сууц худалдан авч буй иргэн та тухайн байгууллагаас дүрэм журмын дагуу өөрийн тав тухтай орчин бий болгохыг шаардах хэрэгтэй. Нөгөө талаараа зааж өгсөн стандартаа зөрчсөн ААН, байгууллагын барьсан орон сууц, байр байшинг Улсын онцгой комисс нь хүлээж авахгүй байх үүрэг, хариуцлагыг тогтоож, хэвшүүлмээр байна. Хэдий болтол бид “Эзэнгүй айл” шиг явах вэ.