Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Авто замын хяналтын мэргэжилтэн Т.Чингэс: “Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замд 2006 онд их засварын ажил хийснээс хойш ямар нэгэн засварын ажил хийгээгүй. Ийнхүү 18 жилийн дараа уг замд их засварын ажил хийж байна. Уг ажлын хүрээнд нэгдүгээр хэсгийн авто зам болох Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийн, тэмдэг тэмдэглээг бүрэн хийж дууссаны дараа замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байна. Харин хоёрдугаар хэсэг болох Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлт хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 37 инженер техникийн ажилчид тусгай зориулалтын 31 машин техниктэйгээр, 24 цагаар тасралтгүй ажиллаж байна” хэмээсэн юм.