Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “ХБНГУ Европ дахь Монгол Улсын чухал түнш, гуравдагч хөрш бөгөөд энэ жил манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд талуудын бүх түвшний харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Иймд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод “Берлин” нэртэй гудамж бий болгох, мөн энэ оны есдүгээр сард “Герман Улсын өдөрлөг”-ийг зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна. Ирээдүйд Монгол улстай, нэн ялангуяа орон нутгийн түвшний найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ахиц дэвшил бүхий олон үйл явдал өрнөсөн жилүүд хүлээж байгаад итгэлтэй байна” хэмээсэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.