Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаяраасаа эхлээд, өөрийн итгэлт шадар туслах, зөвлөхүүдээ УИХ-ын сонгуульд өрсөлдүүхээр бэлтгэж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож намаас түдгэлзсэн ч, нөлөө нь МАН-д хүчтэй хэвээрээ байгааг харуулах нэрсийн жагсаалт урт байгаа нь үүнийг батална. Төрсөн дүүгээс нь эхлээд хамгийн итгэлтэй зөвлөхүүд нь ч УИХ-ын сонгуульд горилж, Ерөнхийлөгч тамгын газар эзгүйрэхэд хүрчээ. Ерөнхийлөгчийн ойрын бөгөөд хамаарал бүхий хүмүүсээ УИХ-ын сонгуулийн 13 тойргийн 9-д нь, заримд нь бүр 2 хүн нэр дэвшүүлж буй. Улс төрийн хүрээлэл, хамаарлыг нь харвал Гадаад харилцааны сайд Батцэцэг, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нарыг түүний хүмүүс гэдэг. Тиймээс холбоо, хамааралтай хүмүүс, жагсаалтанд орох горилогчид зэргийг нь нэмбэл МАН-ын нэр дэвшилтэнд У.Хүрэлсүхийн нөлөө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас дутахааргүй харагдаж байна.
МАН-аас нэр дэвших боломжтой Ерөнхийлөгчийн хүмүүс:
- Ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаяр. Ерөнхийлөгчийн хамгийн бага дүү. Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас бүрдсэн Зүүн бүсэд өрсөлдөнө. Агтны хариу жилдээ гэгчээр улс төрд хөтөлж оруулсан Л.Оюун-Эрдэнэд төрсөн дүүгээ даалгажээ.
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. У.Хүрэлсүхтэй хамт ЦНДС, одоогийн ҮБХИС-д 4 жил хамт сурч төгссөн, зүсэм талх, ширхэг тамхиа хувааж явсан цэргийн найз нь. Архангай, Баянхонгор, Өвөрхангайн хангайн бүсэд өрсөлдөнө. Цэргийн наадам хүртэл Архангайд болоод байсан нь Г.Сайханбаярын тойрог усалгааны илрэл.
- Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай. Баянхонгор аймгийн энэ залуу Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай хөтлөлцөөд цас зуднаар Архангайгаар хэсээд явсан нь ийм учиртай. Б.Даваадалай МАН-д элсээд удаагүй, төрсөн нь ах нь АН-ын ҮБХ-ны гишүүн
- Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүү. Өвөөгийнхөө “Нэр” шүлгийг уншиж, “Миний ардын сэтгэл цагаан” дуу аялсан шиг Дархан, Төв, Сэлэнгээс салахаа больсон. 2006 оноос хойш У.Хүрэлсүхийн гишүүний туслахаас эхлээд өдийг хүртэл хамт яваа.
- Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр. Ж.Энхбаяр, Я.Содбаатар хоёрыг У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар гэдэг. С.Лүндэгтэй хамт Төвийн бүсэд горилж байгаа. Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдож, Батлан хамгаалахын сайд болж нэг хэсэг мандаж явсан ч ЖДҮ-гийн зээлийн хэл амнаас болж улс төрийн тавцанд үзэгдэхээ болиод байсан. Оны өмнө ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын ажлаа өгч, сонгуульд бэлдэж, Төвийн бүст өрсөлдөхөөр хүсэлтээ өгөөд буй. Сэлэнгэд эрчимжсэн мал аж ахуй, Дарханд буудалтай.
- Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр. Ийгл ТВ-ийн бүтээгдэхүүн, Өмнөговийнх. Буянгийн Жагаад ТВ-ийн эфирт мангастуулж байсан нөхөр. Говийн бүсийн горилогч.
- Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр. АН-аас 2012 онд УИХ-ын сонгуульд Өвөрхангайгаас дэвшихээр горилж байсан ч Зандаахүүгийн Энхболдод хөнтрүүлж мултарч байсан. АН засгийн эрх барьж барьж байхад Үндэсний Олон нийтийн ТВ-ийн захирлаар ажиллаж явсан. ETV, mass.mn сайтын эзэн. Хотын аль нэг тойрогт нэр дэвшихээр горилж байгаа.
- Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан. Т.Мөнхсайханы хувьд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилладаг. Тэрбээр Хан-Уул дүүрэгт горилж, зурагтын дэлгэцээс салахгүй, идэвхтэй байгаа.
9. Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан: Түүний хувьд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшихээр горилж буй. “Мэнд сайхан өвөлжье” аян эхлүүлж, малчдыг, орон нутгийнхнаа тойглож, сонгуулийн ажилдаа эртнээс бэлтгэсэн бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй нэр дэвших эрхээ баталгаажуулахаар горилж буй.