Тайланд улсын Пукет хотод хүндийн өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 03 дугаар сарын 31-нээс 04-р сарын 11-ний хооронд болж өндөрлөсөн. Тус тэмцээн нь хүндийн өргөлтийн тамирчдын хувьд “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох хамгийн сүүлийн өрсөлдөөн юм. Энэ тэмцээнд Монгол улсаас үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчид оролцов. 06-р сарын 14-ний өдөр Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Парисын олимпын наадмын эрх авсан орон орны тамирчдын нэрсийг зарлана. Чансаагаараа эхний 10-т эрэмбэлэгдсэн тамирчдын эрх албан ёсоор баталгаажих учиртай. Монгол улсын хувьд Гавьяат тамирчин М.Анхцэцэг чансаагаараа эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд эхний 13-т жагсаж буй бөгөөд түүний эрх ирэх 06-р сард баталгаажина. Ингээд бид Монгол улсаа төлөөлөн хоёр дахь олимпын наадмыг шүүн дэнслэх эрхээ аваад буй Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Сая Тайландад болсон тэмцээн хүндийн өргөлтийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн байв уу?
Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулсан “Парис 2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн энэ дэлхийн цомын АШТ байлаа. Ирэх 6 дугаар сарын 14-нд Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос чансаагаараа эхний 10-т эрэмбэлэгдэж буй тамирчдын нэрсийг жагсааж олимпыг зорих орнуудын тамирчдын нэрсийг албан ёсоор зарлана. Миний хувьд саяны дэлхийн цомын тэмцээнийг шүүн дэнсэлсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж ажиллаад ирлээ.
Монгол улсаас эрх авах найдвартай, боломжтой тамирчдын талаар мэдээлэл хүргэнэ үү?
Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Монгол улсаас МУГТ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд эхний 13-т жагсаж байгаа бөгөөд түүний эрх ирэх 06-р сард баталгаажина Бид М.Анхцэцэгийг эрхээ аваад олимптоо өрсөлдөнө хэмээн итгэж хүлээж байна. Албан ёсоор зарласны дараа бүх мэдээлэл тодорхой болно. Манай олон улсын холбооны дүрмээр 5, 5 жингээр олимпын наадмын хүндийн өргөлтийн тэмцээн зохион байгуулагдана. Тийм учраас ирэх сарын 25-ны өдрийг хүртэл тухайн улсуудын мэдүүлгийг авна гэсэн үг. Ямар жинд улс орнууд тамирчдаа илгээх гэж буй талаар мэдүүлгээ илгээнэ.
Таны хувьд өмнө нь Токиогийн олимпын наадмыг шүүн явуулсан. Энэ удаад хоёр дахь олимпын наадмын шүүн дэнслэх гэж байна. Энэ тухайд?
Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Mиний хувьд өмнөх олимпыг шүүн дэнсэлж асар их туршлага хуримтлуулж авсан. Энэ удаад хоёр дахь олимпын наадмаа шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүнд сонгогдон орж багтсандаа баяртай байна. Олимпыг шүүх эрх авахын тулд тодорхой өндөр шалгуурыг тавьдаг. Бүх л насны дэлхийн цом, ДАШТ, ААШТ гээд чансаа өндөртэй 7-8 тэмцээнийг шүүн явуулсан байх ёстой. Мэдээж баг тамирчдаас гадна Монгол улсаа шүүгчид маань дэлхий, олимпын өрсөлдөөний талбарт төлөөлж улсынхаа нэрийг дуудуулдаг учраас би маш их бахархалтай албан үүргээ гүйцэтгэдэг. Улсаа төлөөлөн шүүн дэнслэх хүндийн өргөлтийн спортод шүүгчийн анхны шанг татсандаа баярлаж явдаг. Ирээдүйд өөрийн олж мэдсэн арвин туршлага дээр тулгуурлан хүндийн өргөлтийн хилийн чанадад ажиллах залуу үеийн боловсон хүчнийг бэлтгэх мөрөөдөл зорилго надад бий.
Баярлалаа. Амжилт хүсье