Өнөөдөр эрүүгийн цагдаагийн албанаас сэтгүүлчдэд xэвлэлийн бага xурал зарлаж Монгол Улсын дөрөв дэx ерөнxийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг ерөнxийлөгч байx үед ерөнxийлөгчийн тамгийн газрын дарга байсан Л.Цагаан нарын “Ачит Ихт” ХХК-ийн xолбогдоx асуудлаар мэдээлэл xийлээ. Тэд мэдээлэл xийx үедээ прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч буйгаа онцлож байв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ачит Ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээг 2013 онд байгуулж байсан. Гэвч 2015 онд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, 34 хувь эзэмшихээ больсон.
“Ачит Ихт” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. “Степкупер” ХХК 78 хувийг нь эзэмшдэг. Энэ компани дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Д.Эрдэнэцэцэг, түүний нөхөр П.Цагаан. Тэдний хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Номундарь нар болно.
“Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг. Тус компанийг У.Өлзийжаргал удирддаг. Шууд Д.Эрдэнэцэцэгийн эзэмшил бүхий компани. У.Өлзийжаргал нь мөн “Степкупер” ХХК-ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг.
Өөрөөр хэлбэл “Ачит Ихт” ХХК-ийг П.Цагаан нарын гэр бүл бүрэн эзэмшдэг болж таарч байна.
“Цаглавар” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. “Ачит Ихт”-ээс 22 хувийн ноогдол ашиг авахаас өөр үйл ажиллагаа огт явуулж байгаагүй. Дансанд нь 13.6 сая ам.доллар шилжин ороод буй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
“Ачит Ихт” ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулалтын мэдээллийг үзвэл:
2014-2021 онд 53,370 тонн буюу 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй “Noble Resources” компанид борлуулсан.
2018-2023 онд 41,527 тонн буюу 960 тэрбум төгрөгийн зэсийг “Fortune I Trade PTE” компанид борлуулсан. Ингэхдээ нууц гэрээгээр, 1 тонн зэс тутамд 330-350 орчим мянган ам.долларын хөнгөлөлт эдлүүлж борлуулсан байна. Нийтдээ 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн гэсэн үг.
Харин “Fortune I Trade PTE” гэж компани нь Д.Жаргалсайхан захиралтай, Д.Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй.
Д.Эрдэнэцэцэг гэдэг нь П.Цагааны эхнэр.
Өөрөөр хэлбэл энэ “Ачит Ихт” болон “Fortune I Trade PTE” хоёр нэг эзэнтэй.
Нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, зэс борлуулсан нь үүгээр тогтоогдож байна” гэжээ.