“Парис 2024” зуны олимпын XXXIII наадам хөшгөө нээхэд 92 хоног үлдээд байна. Түүх сөхөөд үзвэл өмнө нь Францын нийслэл Парис хотод зуны олимпын наадмыг 1900 болон 1924 онуудад зохион байгуулж байсан билээ. Тэгвэл тус улс гурав дахь удаагаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Одоогийн байдлаар Монгол улсаас 13 тамирчин “Парис 2024” зуны олимпын наадмыг зорих эрхээ өвөртлөөд байгаа юм. Ингээд спорт сонирхогч, хөгжөөн дэмжигч, уншигч та бүхэндээ хэн спортын аль төрөлд ямар тэмцээнээс Парисыг зорих тийзээ аваад байгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулъя.
Тухайлбал:
Байт харваа
Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд (Азийн наадам алтан медаль, БНХАУ-Ханжоу)
Бокс
Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн (Азийн наадам хүрэл медаль, БНХАУ-Ханжоу, эмэгтэй 50кг)
Чөлөөт бөх
Эмэгтэй
-Олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал (“Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ, мөнгөн медаль 50кг)
-Олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа (“Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ, мөнгөн медаль 68кг)
Эрэгтэй
-Олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ (“Бишкек-2024” чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн, 86кг)
-Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл (“Бишкек-2024” чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн, 125кг)
Эмэгтэй
– Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон (“Бишкек-2024” чөлөөт бөхийн Азийн эрхийн тэмцээн, 62кг)
Дугуй
Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц (Азийн наадам хүрэл медаль, БНХАУ-Ханжоу, ганцаарчилсан төрөл)
Буудлага
Эрэгтэй
-Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү (“Жакарта-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль, 10м хийн гар буу)
-Олон улсын хэмжээний мастер Н.Баяраа (“Жакарта-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 9-р байр, 50м 3 байрлал урт буу)
Эмэгтэй
Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн (“Баку-2023” буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 9-р байр, 50м 3 байрлал урт буу)
Хөнгөн атлетик
Эмэгтэй
-Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан (“Токио-2024” Марафон 8-р байр)
– Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа (“Сөүл-2024” Марафон 7-р байр)
Одоо Монгол улсын спортын бусад төрлүүдийн баг тамирчдын хувьд “Парис 2024” зуны олимпын наадмын эрх олгох ямар тэмцээн хүлээж байгаа талаар мэдээлэл өгье.
- Жүдо бөх: Гурван тэмцээн жүдочдыг хүлээж байна. Онцлоход тэдний хувьд энэ оны 06-р сар хүртэл олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдөнө. Ингэснээр цуглуулсан нийт онооны чансааг Олон улсын жүдо бөхийн холбооноос зарлан гаргаж эрх авсан тамирчдын нэрс тодолр учиртай.
- Бокс: Ирэх тавдугаар сарын 22-ны өдрөөс 06-р сарын 03-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохиогдох олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Энэ тэмцээн ширэн бээлийтнүүдийн хамгийн сүүлийн тулаан учраас орон орны шилдгүүд хуран чуулах нь дамжиггүй. Жинхэнэ гал гарсан тулаан дундаас Монголчуудын сүүлчийн найдвар хэрхэх эсэх нь шийдэгдэх юм.
- Чөлөөт бөх: 05-р сарын 09-12-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотод эрх олгох нэг тэмцээн үлдээд байна.
- Хүндийн өргөлт: Эрхийн чансаа олгох тэмцээнүүд өндөрлөсөн.
- Байт харваа: 06-р сарын 14-18-нд Турк улсад зохиогдох эрх авах нэг тэмцээн үлджээ.
- Буудлага: Энэ сарын 11-24-нд Бразил улсад зохиогдсон Дэлхийн цомын тэмцээн өндөрлөснөөр олимпын эрх олгох тэмцээн ийн өндөрлөв.
- Хөнгөн атлетик: Ирэх сарын 12-нд БНСУ, 14-ний өдөр Дани улсуудад олимпын эрх олгох хоёр тэмцээнд баг тамирчид оролцохоор төлөвлөжээ.
- Ширээний теннис: Чех, Хорват, Словени, ХБНГУ-д 4 тэмцээнд оролцож, онооны чансаагаар нэг эмэгтэй тамирчин эрх авахаар зорьж байгаа аж.
- 3х3 сагсан бөмбөг: Япон улсын Уцуномияа хотод ирэх сарын 03-05-ны өдрүүдэд эрэгтэй баг эрх олгох тэмцээнд оролцоно. Хэрвээ энэ тэмцээнээс алтан медаль зүүвэл 05-р сарын 16-19-ний өдрүүдэд Унгар улсын Дебрецен хотод эрх олгох тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор төлөвлөж байна. Тус тэмцээнүүдэд эхний 3 байрт шалгарсан тохиолдолд олимпын эрхийн болзлоо биелүүлнэ.
Гимнастик: 05-р сард Узбекистан, Болгра, Словени улсад цуврал тэмцээнүүд явагдаж дууссанаар олимпын эрхийн чансаа олгох өрсөлдөөн өндөрлөх юм.