Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусыг чадварлаг, манлайлагч болгон хөгжүүлэхээр “Оюу толгой” компани “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт 2023-2024 оны хичээлийн жилд 165 хүүхэд, залуус хамрагдаж, Улаанбаатар хотын 120 төгсөгч батламжаа 2024 оны 4 сарын 13-ны өдөр гардан авлаа. Энэхүү хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их дээд сургуульд шинээр элссэн оюутнуудад суралцах явц хийгээд ажлын байранд хамгийн ихээр шаарддаг зөөлөн ур чадварыг олгох зорилгоор “өөрийгөө таних, багаар ажиллах, өргөн хүрээнд сэтгэх” сэдвийн хүрээнд гурван үе шаттай хэрэгждэг ажээ.
Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын залуусыг хамран хэрэгждэг байсан бол энэ жилээс Дорноговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх алсын хараатай “Оюу толгой” компани залуусын ур чадварыг хөгжүүлэх, суралцаж хөгжих боломжийг хангахаар “Залуусын хөгжлийн хөтөлбөр”, “Дотоодын их дээд сургуулийн тэтгэлэг”, “Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг”, “Дадлагажигч оюутан”, “Шинэ төгсөгч” гэх зэрэг олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
“Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.