Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд МАН-аас Зүүн бүст нэр дэвшихээр горилж буй. У.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнбага дүү бөгөөд төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгджээ Түүнээс хойш бизнес эрхэлж, түүний хажуугаар улс төрийн хүрээлэлд идэвхтэй оролцох болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн аав Ухнаа гуай Хэнтийн Галшараас уг гарвалтай ч Сүхбаатарын Халзанд төрж өссөн нь эднийхэн Сэцэн ханы нутгийг тойглодог. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгаас дөрвөн ч удаа сонгогдож байсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зүүн бүсээс өндөр санал авсан зэргээс нь харвал У.Отгонбаяр ахынхаа улс төрийн орыг залгуулж, зүүн бүсийг “онилж”, тойглож буй нь гайхаад байх зүйл биш. Сүхбаатарынхан Дорнодын хүн амын багагүй хувийг эзэлдэг гэдгийг ч тооцоолсон байж таарна. Баруун-Урт хотод босгосон Бурхан багшийн хөшөөний гол эзнийг нь ч энэ залууг гэдэг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улс төрд хөтлөн оруулж, Ерөнхий сайд болгож өгсөн учраас энэ удаад түүний хариу болгож, дүү У.Отгонбаярыг улс төрд хөтөлж оруулахыг Л.Оюун-Эрдэнэд даалгажээ. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн дүүг Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллуулж буй. Нэгэнт нэр дэвших нь тодорхой учраас Ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаяр “Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг”-ийн зүүн аймгуудад хийж, сонгуулийн сурталчилгаагаа далд байдлаар хийж буй.
Ерөнхийлөгчийн дүү сонгогдох эрхгүй гэсэн хууль байхгүй ч Ерөнхийлөгчийн дүү ийн сонгуулийн бэлтгэлдээ орсон ч олон нийт улс төр дэх ургийн модыг үргэлжлүүлж байна хэмээж буй.