Өнөөгийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10% нь цастай энэ нь өмнөх арав хоногоос 28%-иар буурсан ба дундаж зузаан нь 5см, цасан дахь усны нөөц 0.48 шоо.км байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Булган, Шишхэд голуудын сав газруудын 60-65% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Халх голуудын савын 30% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.05 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын сав газраар хайлсан цас мөсний усаар тэжээгдэн голын усны түвшин нэмэгдэх, шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
Эx Сурвалж: ГУСХ