УИХ-ын ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Сонгууль болоход ердөө хоёр сар гаруйн хугацаа үлдээд буй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг нийт 13 байхаар тусгасан. Тэгвэл нэгдүгээр тойрогт хэн хэн нэр дэвших талаар товч мэдээллийг хүргэе. Одоогийн байдлаар нэгдүгээр тойргоос нэр дэвших саналтай 30 гаруй хүн бий.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Чуулганы микрофон нээж хаадаг ажилтай, 76 гишүүний “аав” гэх олон нийтийн шүүмжлэлийг хүртсэн УИХ-ын дарга Г.Занданшатар мөн энэ тойргоос нэр дэвших чигтэй байна. 2020 онд Г.Занданшатартын удирдсан парламентаас ЖДҮХС, ХЭДС зэрэг сангуудын хөрөнгийг цөлмөсөн, хүчингийн хэрэгт ял авсан, хүний амь нас хохирсон хэрэгт холбогдсон, бага хүүтэй сангуудын зээлийг албан тушаалтнуудад олгох шийдвэр гаргасан, банкаа дампууруулж татвар төлөгчдийн мөнгийг хэрхсэн нь тодорхойгүй байдал бий болгосон гишүүн хэд хэдээрээ гарсан. Тэд дахин гарч суудлаа хамгаалж үзэхээр зэхсээр буй. Түүний өнгөрсөн хугацаанд тарьсан гай гэх гавьяа гэх үү нэг асуудал бол намын 65 хүний төлөөлөл гэдэг нэг чигт зангидагдаж чаддагийн тод илрэл “эцэг” хуулийн өөрчлөлт байв. Гурван парламент дамнасан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээрээ Г.Занданшатарын удирдсан УИХ түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн юм. 2000 онд “эцэг” хуульд оруулсан дордуулсан гэх долоон өөрчлөлтийн ихэнхийг нь зассан гэж байгаа ч агуулга бус хэлбэр төдий өөрчлөлт ч бий. Тийм байлаа ч, “давхар дээл”-ийг тодорхой хэмжээнд тайлуулж, 20 гишүүн сууж байгаад хууль баталдаг явдлыг 50 болгоогүй ч 39 гишүүний босго тогтоосон юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
2020 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон цагаасаа хойш “ОГЦОР” гэх олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулсаар яваа тэр сонгуулийн нэгдүгээр тойргоос нэр дэвших хүсэлтэй байна. Огцор гэх шүүмжлэлтэй тулах болсон шалтгаан нь эр цэргийн албанд мордсон хүү нь эцэг эхдээ эргэж ирээгүй олон арван хэргээс үүдэлтэй. Батлан хамгаалахын салбараа цэгцэлж амжаагүй түүнийг УИХ-д сууж гурван сая монголчуудыг төлөөлнө гэдэгт эргэлзэж буйгаа иргэд илэрхийлж байна.
Тэрээр “Бригадын генерал” цолтой, эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй. 1989 оноос өнөөдрийг хүртэл батлан хамгаалахын салбарт алба хашсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат өнгөрсөн парламентын үед тойргийнхоо иргэдэд бидон гардуулан өгч, “Бидон” Д.Ганбат хочтой болсон. Тойргийнхоо иргэдэд хэрэгтэй зүйлийг өгсөн, хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байсан удаатай. Тэрээр энэ жил сонгуулийн нэгдүгээр тойргоос нэр дэвшихээр горилж буй. Түүний хувьд Техник Импорт компанийн захирлаар найман жил ажилласан инженер, эрх зүйч мэргэжилтэй хүн. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, 2020-2024 онд дахин сонгогдсон юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
“Номгон санчир” ХХК-даа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн энэ тойргоос нэр дэвшихээр санаархаж буй. Харин олон нийт дахин нэг авлигач улс төрд үлдэх вий гэж чих тавьж байна. Түүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий гэх яриа хөвөрсөөр… Тэрээр багш мэргэжилтэй. 2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм.
УИХ-ын нэгдүгээр тойрогт хэн хэн нэр дэвших вэ
- Г.Занданшатар-МАН (УИХ-ын дарга)
- Б.Лхагвасүрэн-МАН (Монгол банкны ерөнхийлөгч асан)
- Г.Сайханбаяр-МАН (Батлан хамгаалахын сайд)
- Б.Батцэцэг-МАН (Гадаад харилцааны сайд)
- А.Цогцэцэг-МАН (Эрүүл мэндийн сайд асан)
- С.Чинзориг-МАН (УИХ-ын гишүүн)
- Я.Содбаатар-МАН (Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга)
- Б.Даваадалай-МАН (Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх)
- Д.Тогтохсүрэн-МАН (УИХ-ын гишүүн)
- Г.Ганболд-МАН (УИХ-ын гишүүн)
- Г.Тэмүүлэн -МАН (УИХ-ын гишүүн)
- М.Баярмагнай-МАН (Эрчим хүчний дэд сайд)
- С.Далхаасүрэн-МАН (УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга)
- А.Адъяасүрэн-АН (УИХ-ын гишүүн)
- Д.Ганбат-АН (УИХ-ын гишүүн)
- Д.Жаргалсайхан-АН (Баянхонгор аймгийн засаг дарга асан)
- П.Нүрзэд-АН (МоАХ-ны дэд дарга)
- О.Алтангэрэл-АН (АН-ын дэд дарга)
- П.Батчимэг-АН (“АПУ трейдинг” ХХК ерөнхий захирал)
- Л.Эрхэмбаяр-АН (АН-ын ҮБХ-ны гишүүн)
- П.Мөнхтулга-АН (“Хөх чоно” группийн захирал)
- В.Мөнхбат-АН (Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч)
- С.Дэмчиг-АН (АН-ын ҮБХ-ны гишүүн)
- Г.Хосбаяр-АН (АН-ын ҮБХ-ны гишүүн)
- М.Батжаргал-АН (Архангай аймгийн засаг дарга асан)
- Э.Мөнхсайхан-АН (АН-ын ҮБХ-ны гишүүн, “Ремикон” ХХК захирал )
- С.Батзаяа-АН (АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дарга)
- Б.Жаргалан-АН (Фортуна Н.Батбаярын охин, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч)
- Б.Ган-Очир-АН (Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч)
- М.Чимиддорж-АН (АН-ын ҮБХ-ны гишүүн)
- Б.Ганхөлөг-АН (АН-ын ҮБХ-ны гишүүн)
- Г.Уянгахишиг-ХҮН (ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн)
- Т.Отгонбаатар-ХҮН (ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн)
- А.Отгонбаатар-ҮБЗН (ҮБЗН-ын дарга)