Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцоно.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэж буйгаараа онцлогтой.Мөн Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн есөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно. Түүнчлэн, Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас Тогтвортой хөгжлийн зорилгын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Уг зорилгын 16 дахь зорилтод энх тайван, шударга ёс, бат бэх институтыг цогцлоохын төлөөх 23 үзүүлэлт бүхий 12 зорилтыг дэвшүүлсэн юм. Гэвч улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт хангалтгүй байгаагийн зэрэгцээ зогсонги байдалтай байгаа аж. Иймд бүс нутаг болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, институтүүдийн чадавхыг бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг бүрэн хангахыг зорьж байгаа юм.
Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилгыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм
Эx Сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар