Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойших хуралдаанаар “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” ярьж байна. Уг асуудлаар 19 хүнийг гэрчээр дуудагдсаны нэг нь эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан юм.
Тэрбээр Эмийн сонсголд оролцох үеэрээ “Намайг сайдаар томилогдоход Эмийн сангууд ямар байсныг та бүхэн мэдэж байгаа. Хөнгөлттэй эмээ авах гэж настангууд хэдэн өдөр, хэдэн шөнө оочерлоод авч чаддаггүй. Сар бүрийн эхний таван өдөр эмийн сангийн гадна оочерлоод эм нь дуусчихдаг байсан. Энэ асуудлыг 13-р тогтоолоор цэгцэлсэн. Ингэхдээ бүх эмч нар эмийн жор бичдэг. Бүх эмийн сангаар эм олгогддог. Бүх юм кодоор уншигдаж цахим болох ажлыг бид зохион байгуулсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Т.Мөнхсайхан сайдын хэлсэн үнэн. Намайг гэсэн Засаг даргаар ажиллаж байхад ахмадууд хөхөө өвлийн хүйтнээр хар өглөөгүүр эмээ авах гээд оочерлоод л… Өглөө 10.00 цаг гэхэд даатгалын хөнгөлттэй эм нь дуусчихна. Эмээ авч чадаагүй бөөн гомдол чирэгдэл болоод явдаг байсан. Энэ асуудал нэг үеэ бодвол шийдэгдсэн. Төсөв мөнгийг нь нэмэгдүүлсэнтэй холбоотой байх. Эмийн жорыг эмч бүр бичдэг болсонтой ч холбоотой байх” гэж Т.Мөнхсайханы хийсэн ажлыг “сайшаав”.
Т.Мөнхсайханы тухайд 2020.07.08-ноос 2021.01.29 хүртэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн гэх мэт олон нийт болон салбарынхаа талархлыг хүлээсэн юм. Одоогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй юм.