Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хөнгөлөлттэй эмийн зохицуулалттай холбогдуулан 19 хүнийг гэрчээр дуудссанаас 15 нь иржээ. Түр хорооны хянан шалгагчийн тайлан бүхий дүгнэлтээ танилцуулсаны дараа түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут ЭМ-ийн сайдаар ажиллаж байсан хоёр хүнээс “Хүний эмийн зөвлөлийг хэрхэн томилдог юм бэ?” гэж асуулаа.
С.Мөнхсайхан: “Хүний эмийн зөвлөл” бол зөвхөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталдаг газар. Хөнгөлттэй эмийн жагсаалтыг шийддэггүй. Зайлшгүй эмийн жагсаалтад орсон эм элдэв хөнгөлөлт авна, илүү их борлуулалттай байна гэдэг ойлголт байхгүй. “Хүний эмийн зөвлөл”-ийг байгуулахад үе үеийн ТНБД нар ахлаж байсан. Эмэнд ямар нэгэн асуудал гарвал эргээд хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийг “Хүний эмийн зөвлөл”-д оруулдаг. Ийм хүмүүс орно гэсэн тодорхой заалт байхгүй.
С.Энхболд: Эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд заасны дагуу ЗГ-ын гишүүн батална гэж заасны дагуу ЭМ-ийн сайд “Хүний эмийн зөвлөл”-ийг байгуулдаг. 2016 оны сайдын тушаалд “Хүний эмийн зөвлөл” ийм, ийм бүрэлдэхүүнтэй ингэж ажиллана гээд тодорхой заачихсан байдаг. 2024 онд “Хүний эмийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүн болон журмыг шинэчилэн баталсан.
УИХ-ын гишүүн Д.Батлут эмийн сангуудад эмийн үнэ харилцан адилгүй байдаг асуудал дээр эмийн агентлаг ямар зохицуулалттай ажилладгийг тодрууллаа.
ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа:
-Манай зүгээс эмийн үнэд хяналт хийлээ ч зөрчил гаргасан эмийн сангуудад арга хэмжээ авах эрх зүй алга байна.