Өрөөлтэй өөрийгөө харьцуулж, яг түүн шиг болох сон, харагдах сан гэх шунал гэмээр зүйлд өнөө цагийнхан ороогджээ. Нэгдсэн гоо зүйн трендэд өөрийгөө нийцүүлэх гэж эвдэлгүй өөрийн гоо сайхныг олж харах чухлыг өнөөдрийн зочин маань ярьж байна. Түүнийг Б.Сандагдорж гэдэг. Гэрэл зурагчин. Дундговийн Гурвансайханаас ирж, МУБИС-д нийгмийн ухааны багшаар суралцсан түүний гэрэл зурагт татагдсан түүх хийгээд Улаанбаатарын хүн болох гэж хэрхэн тэсэж, тэрссэнийг нь энэхүү ярилцлагаас уншина уу.
-Өөр мэргэжлийн, камер ч барьж үзээгүй залуу гэрэл зурагчин болжээ. Анх камер барьж үзсэн түүхээсээ хуваалцвал?
-Суралцаж төгссөн мэргэжлээр минь ажлын байр хомс байлаа. Оюутан байхад багш нар улс төрийн тойм, харьцуулсан нийтлэл их бичүүлдэг байсан. Тэр туршлагаараа Now.mn сайтад сэтгүүлчээр анх ажилд орлоо. Ажилд ороод удаагүй байтал Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэвлэлийн бага хурлыг сурвалжлаад ир гээд, камер үүрүүлээд явуулчихдаг юм байна. Камерыг нь яаж ажиллуулдгийг мэдэхгүй, чадахгүй гээд хэлчхэж бас болдоггүй. Харж байгаад үеийн бололтой нэг залуугаар хальт заалгаж аваад л очиж байв. Анх студи байгуулчхаад удаагүй байхад их сургуулийн ангийнхан “Чи үнэхээр зурагчин болчихсон юм уу” гээд ирж шалгаж байлаа. Үнэхээр камертай ажиллахааргүй, гэрэл зургийн холбогдолтой программуудаас асар хол хүн байсан болохоор тэр.
-Үлгэр авдаг хүн эсвэл мэргэжлийн багш гэх хүн байв уу, танд?
-Гэрэл зурагтай холбоотой мэдлэг, мэдрэмж талын юм өгсөн хүн гэх бол би саяхан Дүрслэх урлагийн академид “Фото урлаг”-аар магистрын зэрэг хамгаалсан. Тэндээс л номын дуу сонсож, хэдэн багштай болсон. Бусдаар бол өөрийн практик, дотоод мэдрэмжээрээ явсаар өдий хүрч байна. Одоо бол гаднын гэрэл зурагчдын бүтээлүүдийг хардаг л даа. Энэ хүн шиг гүйцэтгэлтэй зураг дарах юмсан гээд л аазгай хөдлөх жишээний.
-Ажлууд тань мэргэжлийн түвшинд харагддаг. Тэр утгаараа би таныг яг л энэ салбарын хүн гэж боддог байсан. Өөрийгөө гэрэл зурагт өгөгдөлтэй хүн гэдгээ мэдэрдэг байв уу?
-Багаасаа өгөгдөлтэй байсан, гэрэл зурагчин болох гэж төрсөн гэх нь ч хаашаа юм. Камер ч гэж мэдэхгүй, хөдөөгийн хүүхэд л байлаа шүү дээ. Энэ уул, үүл, шонг ингэж оруулаад, үүгээр нь таслаад харах юм бол надад эвтэйхэн харагдаж байна гэсэн мэдрэмжүүд бол байсаан. Дүрсний хэл бага сага байсан гэх юм уу.
-Өөрийгөө цалинжуулах хэмжээнд очно гэдэг амаргүй. Хувийн гэрэл зургийн студитэй болтол ямар, ямар бэрхшээлийг туулсан бэ?
-Аав, ээж маань нэлээн гүжирмэг улс. Биднийг их багаас нь л бие даалгасан. Их сургуульд явахаар нааш гарахад “Араас чинь янз бүр болоод байж чадахгүй. Өөрийгөө аваад явчхаарай. Аав нь чамаас ч жаахан байхдаа гэрээсээ гарч долоон жил яваад ирж байсан. Зорилготой, зоригтой байж чадвал залуу эр хүн газардахгүй юм шүү. Ганц нэг жил карантины ус ууж явах бол гайгүй ээ. Тийм юманд өслөө, ядарлаа, зутарлаа гээд байв” гэж хэлж байсан юм. Тэгээд л би гэдэг хүн Улаанбаатарт 21 мянган төгрөгтэй аав, ээжээсээ үлдсэн юм даг. Сар орчим болоод өнөө мөнгө маань дууссан санаж байна. Аав, ээж хоёроос бүр сураггүй шүү.
-Утсаар ч болов ярьдаггүй байв уу?
-Надад утас байгаад ч нөгөө хоёр минь утасгүй. Азаар би хамаатныхаа их сайн айлд байсан. Оройдоо үнэгүй хоол, өдөртөө үнэгүй унаатай ч хүн л юм хойно мөнгөний хэрэг гарна. Ингээд шар хадны авто зах дээр машин угааж хэдэн төгрөг олдог болов. Арай хийж нэгдүгээр курсийг давсан юм даг. Зун нь барилга дээр ажиллаад цалингаа муриулаад, будилж өгсөн дөө. Хоёрдугаар курсээс тусдаа гарлаа, дүүтэйгээ. Нэг муу дүлий орос плиткатай. Өглөө хоосон гарсан хоёр оюутан өлбөрч үхэх гэж байгаа юм орой ирнэ. Шууд орж ирээд плитка асаагаад тогоогоо тавина. Махаа цавчаад хийхэд тогоо түлэгдэж сандаргадаггүй байсан гээд бод. Ийн хоёр цаг орчим дуншиж байж нэг юм хоолны бараа харна. Шар хаднаас холдсон тул өөр газар ажил хийхээр болж 44-ийн барилгын материалын зах дээр вагон буулгаж 3 жилийг барсан даа. Ажил байвал ядрахыг мэдэхгүй зүтгэнэ. Орой ирээд шөрмөс татна, дүү минь нойрмог босоод ирчихсэн тосолж байдаг сан, хөөрхий. Ийм дүүгийн халамжид оюутны өдрүүдийг барж билээ.
Энэ мэт нөхцөлд чи өөрөө хэр хичээсэн бэ гэдгээрээ л би өөрийгөө үнэлж явдаг. Жишээ нь, их сургуулиа төгсөөд Нийгмийн ухааны багшаараа ажиллана гэж бодсон ч ажлын байр хомс. “Одоо тэгвэл чи тэгвэл юу хийж чадах юм” гэж өөрөөсөө асуугаад оюутан байхад бичдэг байсан нийтлэлүүдээ очиж үзүүлээд, сэтгүүлчээр ажиллах болсон. Тэндээ жил ажиллаад тухай үед ид мандаж байсан zaluu.com сайтад орж, хажуугаар хоёр ч сар тутмын сэтгүүлд нийтлэл өгч сарын орлогоо сая 200 мянгаас буулгахаа байсан юм даг. Сэтгүүлчийн ажил сайхан ч хүний хэл ам ихтэйг хэлэх үү. Аав минь хөдөөгөөс хэдэн мал махалж орж ирээд, компьютер, би өөрөө нэг том халтуур олж камер авч байв. “Edius” гээд видео эвлүүлгийн программ дээр С үсэг дарахаар дүрс таслагддаг даа. Түүнээс өөр юм мэдэхгүй байж фото, видео хийж амьдарна гэж бодсон ёстой л тэнэг зоригтой байж. Тэгээд хүүхдийн төрсөн өдөр дээр очоод бичлэг хийдэг болсон доо.
Түүнээс хойш “E photo studio”-д зурагчнаар орж, PIAA, Игээ, Удам, Анир, Ууганаа гээд мундаг залуустай ажиллаж, мөн ч ихийг сурсан даа. Ахиж дэвших хүсэл намайг зүгээр байлгасангүй. Студиэс гарч хувиараа алаад өгөх юм болов. Үнэхээр дажгүй байсан. Хуримуудыг ёстой хуньж өгсөн дөө. Ингэж яваад хуримынхаа зургийг авхуулсан хүн хамтран студи байгуулах санал тавьж “Minimal photo studio”-г байгуулж байлаа. Үүнтэй зэрэгцээд Дүрслэх урлагийн академийн Фото артын ангид элсэв. Хичээлийн хажуугаар ажил хийх хүндрэлтэй байсан учраас студиэсээ нэрээ татаж чөлөөт “гар” болов. Ингээд ирэх намар нь өөрийн гэсэн хөөрхөн студитэй болж жинхэнэ ална гэсэн чинь хараал идсэн ковид. Бүтэн жил ажил хийлгэхүй түрээс л төлдөг ажилтай. Ингэж явсаар 21 оны намартай золгов. Одоо л сайхан жигдрэх нь гэсэн чинь студийн байрны эзэн “Талбай өөр эзэнтэй болсон, талбайгаа чөлөөлж авах гэсэн юм” гэдэг юм. Энэ үед ёстой дургүй хүрсэн. Нэлээн олон жил зүтгэж хичээж арай чүү өөрийн гэсэн юмтай болж, өөрийн гэсэн орон зайгаа үүсгэчихсэн. Арилжааны студи гэхээс илүү урлангийн VIBE-тэй болчихсон байсан юм. Энэ мэт уналт, босолтуудын ард өнөөдрийн энэ студи ээ бий болгосон доо. “Home” студи маань Зайсанд бий.
-Гэрэл зураг таны хувьд амжиргаа юу аль эсвэл кайф уу?
-“Дуртай юмаараа амьдар” гэдэг дээ. Би амьдарч ч байна, кайф ч авч байна, амьжиргаагаа ч залгуулж байна. Надад үүнээс өөр хийдэг, чаддаг юм гэж байхаа больжээ. Өөр юм оролдож үзэх сонирхолгүй ч болжээ. Нэгэнт ийшээ орсон. Эцсийг нь үзнэ гэж боддог.
-За.
-Би өвөл дугуй унадаггүй юм. Нэг өдөр таксинд суугаад ажил руугаа явж байсан чинь цонхоор Туулын бургаснууд дээр шувууны үүрүүд харагдаж байна. Тэрийг хараад л уйлчихсан. Яагаад уйлж байгаа юм гэсэн чинь Туулын бургасыг зун гоё байхад нь ямар гоё юм бэ гээд сүүдэрт нь суудаг даа. Өвөл Улаанбаатарын утаанд дарагдаад хамаг гоо үзэсгэлэнгээ алдчихсан байхад нь хэн ч тоохгүй байгаа байхгүй юу. Гэхдээ Туулын бургас бусдыг хайрладаг, өргөдөг, тээдэг үүргээ гүйцэтгэсээр. Тэр шувууны үүрүүдийг тээсэн хэвээрээ л…
-Тэгэхээр та их ганцаардмал хүн бололтой.
-Ганцаардах гэхээс илүү ганцаараа байх дуртай хүн гэх юм уу.
-Амьдарч байгаагаа, амьдралын сайхныг юунаас илүү мэдэрдэг вэ?
-Тогтсон юм байхгүй ээ. Хүмүүс уйлж байна, Алийгаа алдаж байна гэж бодох байх. Надад бол тийм биш. Би тийм юмыг торгон мэдэрч, харж чадаж байгаадаа баярлаад, түүнийгээ амьдарч байна гэж үнэлж байгаа юм.
-Гэрэл зураг амьдрал болоод хувь хүнд тань яг юу өгч, өндийлгөсөн гэж боддог вэ?
–Одоо өөрийгөө нэг их супер болчихсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ гэрэл зураг байгаа юмнаас сайхныг нь олж харах “нүдийг” надад өгсөн гэж боддог. Харин ахуйн талаас ярих юм бол би өөр юм хийсэн ч гэсэн энэ анзааны л амьдрах байсан байх.
-Та хүнийг хүсэж байгаа өнцгөөс нь харуулахыг чухалчилдаг уу, эсвэл өөрийн тодруулж харуулмаар байгаа өнцгөө чухалчилдаг уу?
-Хүмүүс орж ирээд “Би иймэрхүү зурагтай болмоор байна” гээд юм харуулаад баахан л юм ярина. Яг л харуулж байгааг нь дарж өгөхгүй бол санаа сэтгэл нь амрахгүй хүн гэж байна. Харин заримдаа энэ хүний зургийг яг ингэж л авбал болохоор байна. Аваад өгснийг минь энэ хүн хүлээн зөвшөөрч чадахаар байна гэдэг уншигддаг л даа.
Гэрэл зурагт ярилцах их болхи ойлголцлын хэлбэр юм шиг санагдаад байдаг. Зургаа даруулахаар ирсэн хүний мэдрэмж надад мэдрэгдчих юм бол болчих нь тэр дээ.
Тайлбарлаад, тайлбарлаад хүсэж байгааг нь ойлгохгүй ч тохиолдол байна. Ямар ч тайлбаргүйгээр хүсэж байгаа зүйл дээр нь би өөрөө яваад оччих тохиолдол ч байна.
-Та сүүлийн үед нүцгэн зургууд эрчимтэй дарж буй. Нүцгэн зураг дарахын хэцүү нь юу вэ?
–Өөрийгөө өөр эмэгтэйтэй харьцуулсан эмэгтэй хүний зураг авах хэцүү. “Би энэ эмэгтэй шиг гармаар байна” гэж байгаа хүний зургийг авах хэцүү. Эмэгтэй хүн чармай нүцгэн байхаар давтагдашгүй гоо сайхан нь гарч ирдэг байхгүй юу. Хувцастай байхаараа тухайн соёлоо, тухайн цаг үеэ илэрхийлнэ.
Б.Лхагвасүрэн гуайн хэлсэнчлэн “Надад одоо юу ч наалдахаа больсон” гэх түвшинд очсонд эмэгтэй хүний нүцгэн зураг авахад ямар ч асуудал байхгүй.
Эмэгтэй хүнд өөрийн гэсэн гоо сайхан, цаг, нас байдаг. 40 гарчхаад 18-тай, 20-той охин шиг зураг даруулна гэвэл бүтэхгүй, боломжгүй. 40 настай хүний гоо сайхан өөр. Тэрийг хардаг нүд, хардаг чадвар гэж бий.
-Авсан зурагтаа хэр их засвар хийдэг вэ?
-Ямар ч салбарынх байлаа гэсэн хүний нүдийг нээдэг, цохиод авдаг цаг, мөч гэж байдаг. Манай нэг найз намайг их хүчтэй “цохисон” юм. Хэн ч харсан сайхан хүүхэн. Өөрөө ч тэрийгээ мэддэг, хэлдэг юм. Тэр маань надаар “Найз нь 30 хүрэх гэж байна. 30 насныхаа зургийг авхуулъя” гэлээ. Гоё хүүхнийг чинь улам л гоё болгомоор санагдана биз дээ. Тэгээд янзын гоё болгоод явууллаа. “За, баярлалаа” гэж байна. Тэгээд дараа нь бид хоёр нэг уулзлаа. Оройхон паб-д ганц нэг шар айраг уунгаа яриад суулаа. “Найз нь одоо нүдэндээ хагалгаа хийлгэх гэж байгаа” гэж байна аа. Тэгэхээр нь би “Чам шиг сайхан хүүхэн хагалгаагаар яадаг юм” гэлээ. Тэгсэн өөдөөс “Чи намайг үнэхээр сайхан хүүхэн гэж бодож байгаа юм уу. Чи тэгвэл яахаараа миний зургийг засдаг юм” гэсэн. Би тэр эмэгтэйд байгаа гоё сайхан юмыг нь олж харахаасаа илүүтэй, өөрийн мэддэг ганцхан гоо сайхны хэмжүүрээрээ засаад, гоо сайхны нэг тэгшитгэлд оруулаад байснаа, энэ нь нөгөө талаасаа хүний гоо сайханд дур мэдэн халдаж байгаа үйлдэл юм байна аа гэдгийг хүчтэй ойлгосон. Тэр цагаас хойш би тухайн хүнд зургийг нь засвар хийлгүй өгөхийг хүсдэг болсон доо. Энэ хүнийг natural-аар нь гаргахын тулд ямар гэрэл тавих уу гэх мэтээр шийдэл хайдаг болсон.
Ер нь энэ гоо сайхны хагалгаа, утасны фильтер бол биднийг “хөөрхөн”-ий тухай ганцхан ойлголттой болгочхоод байна. Хамар нь өндөр, уруул нь том, нүд нь давхраатай байхаар л гоё гэж бид нар бодоод байна. Өөр гоёын тухай ойлголтгүй болчхоод байна. Н.Жанцанноров гуай “13 зуунд мэс ажилбар байсан бол энэ европ хүүхнүүд давхраагаа авхуулах байсан. Хүчтэй юм гоё харагдаг” гэсэн байдаг. Соёлын түрэмгийлэл сайхныг тодорхойлдог. Европчууд монгол хэл сурснаараа гангардаг байсан цаг бий. Одоо бол манайд Солонгосын соёл хүчтэй байна. Тэгэхээр бүгд л Солонгос хүүхэн шиг болмоор байна. Яалт ч үгүй нүдээ нээгээд харахад нь хөөрхөн гээд нэг хүүхэн байхаар “Аан, хөөрхөн гэдэг нь энэ юм байна” гээд ойлгочхож байна. Энэ хайрцгаас даваад, надад юу хөөрхөн байна гэдгийг олж харах хэрэгтэй.
Орон болгонд хүүхнийг харах нүд нь өөр. Тэр болгонд баригдаад байх юм бол өөрийнхөө гоо сайхныг олохгүй, харахгүй гэсэн санааг хэлэх гээд байгаа юм.
-Монголчууд “Энэ надтай танил тал юм чинь үнэгүй, хямдхан хийж өгөх ёстой” гэдэг байдлаар нэгнийхээ ажил, бизнест хандах гээд байдаг талтай. Энэ хандлагыг тойрч гарч чадав уу?
-Нэгдүгээрт манай салбарын онцлог. Нэг камер асаагаад кноп дарчхаж байгаа юм шиг хямдхан харагддаг. Нөгөө талаас манай монголчуудын сэтгэл зүйн онцлог. Дотночлоод л…Гэхдээ монголчууд нэг л юмыг сурахгүй л байгаа юм л даа.
Бид цаганд тийм хайртай ард түмэн биш. Уг нь бол бидэнд байгаа их үнэтэй зүйлүүдийн нэг бол цаг юм шүү дээ. Цагийн тухай мэдрэмж сул байдаг учраас хэн нэгнийхээ цаг хугацаа, авьяас чадвараа зориулж байгаа юмыг нь үнэлэхгүй байгаа юм.
Солонгосын кино болгон дээр нэг сцен байдаг. Нэг найз нь бие даасан бизнес эхлүүлэхэд найз нар нь орлого оруулдаг. Зарим нь бүр үнийг нь нугалж төлдөг. Тийм юмыг өдөр болгон үзэж байгаа хэр нь ээ ингэх ёстой юм байна гэж ойлгохгүй байгаа нь сонин. Одоо бол намайг тэгж чадахгүй л дээ. Ийм болоход цаг хугацаа ордог юм байна.
-Та үсээ хэзээнээс ургуулж эхэлсэн юм бэ?
–Стиль, имиж гэх ч хаашаа юм. Гэрэл зураг руу орсон тэр цагаас хойш ургуулж байгаа. Бараг тухайн үед үсээ засуулах мөнгөгүй болоод ургуулсан байх. /инээв/ Нэг удаа үсээ хусуулсан юм. Тэгсэн ханьгүй мэдрэмж төрсөн. Үсээ хойш нь илбээд дадчихсан байдаг юм билээ. Тэгээд түүнээс хойш барагтаа оролдолгүй ургуулсан. Хавартаа дороос нь жаахан тайруулдаг. Амьдралаа шинээр эхлэх гээд…/инээв/
-Та минималист, элдвийн шуналаас ангид хүн юм шиг санагдлаа…
-Би өөрийгөө нэг их минимал гэж тодорхойлохгүй. Сумынхаа наадмаар дээл хийж өмсдөг, түүнийгээ үжрээд дуустал нь өмсдөг. Тэгээд дараа жил нь дахиад шинийг хийлгэж өмсдөг ард түмэн. Бидэнд соёлын түрэмгийлэл байхгүй учраас үүнийгээ сурталчилж харуулж чадахгүй байгаа юм.. Заримдаа манай найзууд “Аятайхан хувцас аваад өмсчхөж бай” гэж загнадаг л юм. Би бол нэг хувцсыг дуусгаж байж л дараагийнхаа авдаг. Яалт ч үгүй төрөөд харахад хажууд тийм хүмүүс байсан болохоор илүү юм хардаггүй, эдийн сонирхол багатай юм шиг байгаа юм.
-Аав, ээж хоёрыгоо студид авч ирээд зургийг нь дарж өгч байв уу?
-Өвөөгийнхөө зургийг авч чадаагүйдээ харамссан. Харин аав, ээжийнхээ зургийг бол авчихсан. Шинийн нэгний өглөө гэртээ байхад нь аавынхаа зургийг авч чадсан. Тэр бол студид авчрахаас илүү үнэ цэнтэй зураг болсон гэж бодож байгаа. Харин ээжийнхээ зургийг санаандаа тултал буулгаж чадаагүй.
Тэр хоёр чинь намайг “Хөөе, ирж мал малла” гээд л дуудна. Энэ өвөл хөдөө цас зуд ихтэй, би ч эндээ ажил ихтэй байлаа. Тэгсэн “Ирээд хонь тэжээ” гэж байна. Гэрэл зургийн талаар төсөөлөлгүй болохоор намайг гэрэл зургаар амьдарч байна гэхээр ойлгохгүй, нэг л буруу л яваа юм шиг санагддаг ч юм шиг байгаа юм.
-Хөдөөгөө хэр санаж байна?
-Одоо тэгж зууралдахаа байж дээ. Анх ирээд л их санадаг байж. Хавар, намар хоёр бодогдох нь бодогдоно. Гэрэл зургийн буянд Халхын бүх л найрыг үзэж байна. Яагаад ч юм надад наалддаггүй байхгүй юу. Хар багаасаа л үзсэн, мэдэх болохоор ч тэр юм уу Дундговийн унага тамганы найр л гоё санагдаад байдаг юм. Намар болохоор яаж ийж байгаад найрт очоод суучих юмсан гэж боддог шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Маш гоё ярилцлага байна. 60 дөхөж байна. Нэг сайхан зураг авахуулах юмсаан.