Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2023.12.04-ний өдөр эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах зүйл ангиар таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж, хорих 461 дүгээр ангид 68 хоногийн турш цагдан хоригдсон юм.
Хэдийгээр шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан ч хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал эрүүл мэндийн байгууллага, хуулийн байгууллага хоёроос бусад газарт очихыг нь хориглоод буй. Мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан билээ.
Маргааш буюу 2024.04.04-нд эдгээр хоригуудыг цуцлах эсэхийг шүүх шийдэх бололтой.
Тэрбээр “Хатуу хөл хорионд 68 хоног , гэрийн хорионд мөн 60 гаруй хоног үндсэндээ 100 гаруй хоног ажил хийх ямар ч боломжгүй хатуу хөл хорионд байна. Миний ойлгож байгаагаар, намайг шалгах мөрдөн байцаалтын ажил дууссан, хэрэг прокурорт шилжсэн байгаа. Гэртээ ярилцлага хийе гэж бодоод буйдан аваад тохижуулж байтал “Гэрт нь ч ажил хийлгэхгүй” гэсэн прокурорын санал шүүх рүү орж байгаа бололтой. Ийм мэдээлэл авлаа. Маргааш шүүхээр энэ асуудал хэлэлцэгдэх юм байна. Хууль хяналтын байгууллагынхнаас нэг зүйл гуймаар байна. Яг үнэндээ амьдармаар байна. Үнэхээр амьдармаар байна. Би чинь ардаа амьдралтай шүү дээ” хэмээлээ.