Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. Эл хэргийн эргэн тойронд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Хэргийг үйлдсэн гэх Э, Э, Э, Б нар нь хэргийн талаарх мэдээ цацагдсан өглөө хүртэл ажлаа хийж байсан бөгөөд ЦЕГ-аас тухайн өдөр хийсэн мэдээлэлдээ үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Үүнээс хэвлэл мэдээллийн байгууллагууд эл хэргийг мэдээлээгүй бол хэрэг үүсгэж, шалгаж эхлэхгүй байж мэдэх байсан гэх дүр зураг харагдаж буй юм.
Дөрвөн алба хаагчийн нэгийг 30 хоногийн хугацаатайгаар баривчилсан бөгөөд өчигдөр (2024.04.07) үлдсэн гурван алба хаагчийг 48 цаг саатуулжээ. Тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх хурал өнөөдөр болно. Хэргийг ЦЕГ биш АТГ үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Учир нь цагдаагийн үйлдсэн гэмт хэргийг АТГ шалгадаг хуулийн зохицуулалттай аж.
Хэргийг үйлдсэн гэх дөрвөн албан хаагч цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан бөгөөд 23-34 насных. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ба ял эдэлж байгаагүй. Нэг нь бүрэн дунд боловсролтой, гурав нь дээд боловсролтой. Мөн нэг нь гэр бүлтэй.
СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭН, ХЭН ОЧИЖ, ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОВ?
Хэргийн тухай хэвлэлд мэдээлэгдсэний дараа эх, хүүхдүүд цаг бусаар нас барж, хүчирхийлүүлж байхад хэлээ огтлуулсан мэт чимээгүй сууж, байнга л хүний эрхийн мэдрэмжгүй хэмээн цоллуулдаг эмэгтэй гишүүдээс Д.Өнөрболор, С.Одонтуяа нар хамгийн түрүүнд дуугарсан юм. Тэд салбарынх нь сайдыг энэ асуудалд анхаарахыг шаардсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр урьдчилсан дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
Дээрх процессын дараа ЦЕГ-аас мэдээлэл хийж, цагдаагийн нэр бүхий алба хаагчид насан хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүйг өөрсдийн хяналт, шалгалтаар илрүүлсэн тухай мэдэгдсэн. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарыг хэргийг нуун дарагдуулсан хэмээж, улс төрийн хариуцлага хүлээн огцор гэж Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүст шаардлага хүргүүлсэн юм.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа таг чиг. Сайдаас гадна Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн сэтэр түүнийг дагадаг. Тэр ч утгаараа энэ асуудал дээр хамгийн түрүүнд дугарч, эрх үүргийнхээ хүрээнд нэн яаралтай ажиллах учиртай байсан. Гэвч Сэлэнгэ рүү ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар очиж ажилласны ар дээр амралтын өдрүүдэд оччихоод ирж. Түүний тухайд хэргийн талаарх мэдээллийг аваагүй байж байгаад хэвлэлээс л анх авсан гэх. Угтаа Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга ХНХЯ-ны газрын даргадаа мэдэгдэж, яамных нь газрын дарга Х.Булгантуяа сайдад хэлсэн байх учиртай. Сэлэнгэ аймгийн газрын даргаар П.Оюун гэж эмэгтэй бий. Тус аймагт очиж ажиллах үеэрээ манай сэтгүүлч У.Болортуяа уулзсан бөгөөд тэрбээр “Охиныг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгаалалтад байлгасан” гэж ярьсан байна. Гэтэл охинтой өнгөрсөн оны 10 сараас хойш цагдаа нар бэлгийн харьцаанд орсон байгаа юм. Үнэхээр л хамгаалалтдаа байлгасан бол сэтгэл санаа болон бусад зүйлсийг нь анзаарсан байх учиртай. Хэдхэн долоо хоног хамгаалах байранд байлгачхаад, сэтгэл заслын эмчилгээ ч хийлгэлгүй ээжид нь өгөөд явуулчихсан байгаа юм. П.Оюун гэх газрын дарга хэргийг яагаад дээш нь мэдэгдээгүй нуув. Яагаад хариуцлагын асуудал яригдахгүй байна вэ, Х.Булгантуяа сайд аа. Таны өмнөхөн очиж ажилласан хүмүүс адаглаад
- Аймгийн цагдаагийн дарга Ж.Энх-Одыг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дэд даргаар,
- Аймгийн цагдаагийн хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Л.Нандинбаатарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хэлтсийн хэв журмын ахлах байцаагчаар тус, тус тушаал бууруулчхаад ирсэн байх.
Гэтэл та Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдад арган зүйн зөвлөгөө өгчхөөд л ирсэн гэх юм.