Найруулагч Р.Батсайхан
Д.Гүндболд гэж хүн “Хайраар би амьдардаг” дууны талаар нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ бичсэн нь ихээхэн ташаа байгаад залруулга хийхийг өөрийн үүрэг гэж үзлээ. Учир нь тэр дууг хийх саналыг би Б.Чинбатад анх тавьсан юм. Драмын театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар бид хоёр 2018 оны үед Sweetymotion хамтлагийнхантай мюзикл хийх талаар ярилцаад, хайрын тухай үлгэр домгийн хэлбэртэй байх гэсэн санаан дээр нийлээд ажиллаж байсан үе юм. Мюзикл бичих гээд элдвийг ухаж явах үест Д.Урианхай гуайн шүлгийг олж үзээд энэ их гоё шүлэг байна. Мюзикл дотроо дуу болгоод оруулчих биш үү гэсэн Б.Чинбат хараад сэтгэл нь хөдөлж, маш хурдтай ая зохиосон байдаг. Тэр хооронд би найз яруу найрагч Д.Галсансүх, хамт ажиллаж байсан Я.Баяраа, Ө.Үлэмжтөгс нараар дамжуулан Д.Урианхай гуайтай уулзах цаг, зөвшөөрөл хүсэж байсан. Ер нь бол би эртний танил л даа, Д.Урианхай гуайтай. Уулзаагүй удсан болохоор тэднээр дамжуулж, буруугаа зөөллөсөн л хэрэг. Дугаарыг нь олж аваад утсаар ярьж, найрагчтай уулзаад “Хайраар би амьдардаг” шүлгээр чинь дуу хийх гэж байгаа, та зөвшөөрөх үү? гэж албан ёсоор асуусан. Урианхай гуай “Миний дүү, шүлгийн нэр нь “Мөнхийн шалтгаан” юм шүү. Верлибр(verslibre) – цагаан шүлэг хэлбэрээр бичсэн юм. Хэмнэл нь мөр бүхэндээ өөр, чөлөөтэй бичигддэг хэлбэр л дээ. Дуу хийхэд хэцүү байх. Гэхдээ ч Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ” гэж верлибрт сайхан ая хийчихсэн л байдаг” гэж хариулсан. Би удахгүй Б.Чинбаттай ирж бичгээр тохиролцно гэж яриад “Аянд нь үг таарахгүй нөхцөл үүсвэл, танд хэлээд жаахан өөрчлөлт оруулах ч юм уу тийм зүйл хийвэл болох уу?” гэж лавлахад “Шүлгийг огт хөндмөөргүй байна, ая хийчихээд уулзаарай” гэж хэлсэн юм.
Хамтлаг, Б.Чинбат болон миний зүгээс зохиогчийн эрх зөрчих, бүтээл хулгайлах ямар ч санаа зорилго байгаагүй. Тэгээд ч Д.Урианхай гуайг Оюуны өмчийн газарт мэргэжилтэн хийж байсныг сайн мэдэх тул, эртнээс хүндэлж ирсэн тул тийм утгагүй үйлдэл хийхгүй. Бидний гаргасан алдаа нь бичгээр зөвшилцөж тохиролцохын өмнө яаран клипийг нийгмийн сүлжээнд байршуулсанд байсан байх. Гэнэт “Урианхай академиас ярьж байна” гэж нэг эмэгтэй яриад “хулгай хийлээ, барьлаа” болоод явчихсан. Мэдэгдэл гарсан гэсэн. Тэгээд сандраад Сарнай, Сүндэрээ хоёртой найрагчийн гэрт нь очиж, уулзах болоход өнөө эмэгтэй найрагчтай хамт байсан. Тайлбар хийхийн зуургүй эмэгтэй баахан загнаж, хууль дүрэм ярьж нилээд ширүүн загнасан. Д.Урианхай гуай эмэгтэйн аясыг дагах маягтай дуу шуугүй суусаар ойлголцох шинжгүй болсон. Үнэндээ бол тодорхой мөнгөн дүн тохиролцох санал тавьсан. Хоёр тасалбар л өгсөн гэх зүйлийг би лав мэдэхгүй. Миний нүдэн дээр тийм зүйл болоогүй. Эмэгтэй “Академийн удирдах зөвлөл зөвшөөрөхгүй” гэх хатуу байр суурь илэрхийлсэн тул хамтлаг уг дууны шүлгээс татгалзах шийд гаргаад салсан. Ийм л зүйл болсон юм.
Академи гэдэг нь найрагчаас илүү мэдэлтэй бүтэц болоод явчихсан юм. Гэтэл Д.Гүнболд гэгч “Харамсалтай нь Д.Урианхай найрагчаас зөвшөөрөл авалгүйгээр шүлгээр нь дуу бүтээснээс гадна өөрсдийн дураар үг, өгүүлбэр өөрчилж, нэмж, нэр өгчээ.
Гэтэл сошлд илт худал бичиж зөвшөөрөл авсан гэж над руу дайрсан…” хэмээн гэж бичсэн байх юм. Би бичгээр авч л амжаагүй болохоос ярьж, зөвшөөрөл авсан юм шүү. Гэрээ хэлцэл болгохоос өмнө нийтэд цацсан нь л алдаа болсон. Үүндээ бол уулзах үедээ уучлал гуйсан. Ярьсан, хэлсэн болохоор гэсэн хандлага гаргасан нь буруудсан. Огт уулзаагүй, асуугаагүй бол биш шүү. Дууны нэрийг өөрчилсэн гэх тухайд мюзиклийн нэр нь “Хайраар би амьдардаг” байсан болохоор дууны нэрийг биш мюзиклийнхээ нэрийг клип дээр тавьсан байх.
Энэ асуудал дээр буруутан хайж байгаа бол би л болъё. Б.Чинбат болон Sweetymotion хамтлагийн хувьд миний үгэнд итгэж, найдаад ая дан тааруулаад бүтээл хийгээд явж байсан гэж л буруутахгүй бол өөр гэм байхгүй.
Би тэр “Урианхай академи”-ийг төлөөлж бидэнтэй харилцсан эмэгтэйн араншин, хандлагын талаар тодорхой бичмээр байгаа ч өөд болсон гэж сонссон тул бүрлээчийг хүндлээд амаа хамхихаар шийдлээ. Учир нь таагүй зүйлсээр хүний “ясыг өндөлзүүлэх муухай” гэх ардын заншлаа дагав. Миний бичсэн зүйл дпотор өчүүхэн ч худал зүйл байхгүй. Та бүхэнд хэн нэгнийг хараах, зүхэх онцгой хэрэгцээ байгаа бол над руу тэр бүхнээ чиглүүлээрэй. Хүлцэл өчье.
МӨНХИЙН ШАЛТГААН
Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд
явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..