Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж прокурорын зөвшөөрөл олгосон хэмжээнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага дотоод хяналт аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж, холбогдох албаны шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Дээрх нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас нь чөлөөлж, албан үүргийг нь түр түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагчаа үнэнч шударгаар шалгаж чадах уу? гэсэн асуулгууд явж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэсэн зарчим байдаг. Энэ зарчимаа барьж л ажиллана. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй. Тийм эрх зүй, боломж ч байхгүй” гэлээ.