“Бие минь, бодол минь ч өөрчлөгдсөн” хэмээн ярих бүсгүй. Түүнийг Алтангэрэлийн Халиунаа гэдэг. Хөдөөх суурины, алиман хацартай охин. “Алтан гахай” гэж хочлуулж явсан, эмзэглэсэн. Гэхдээ өөрийг нь элдвээр гоочилж байсан хүмүүсийн төлөө биш үрийнхээ төлөө өөрчлөгдөж чадсан. Дөрвөн сарын дотор 33 кг жинг хаяж, өдгөө “Better with Khaliuk” хуудсаараа олон хүмүүсийг эрүүл хооллолт, амьдралын зөв дадалд дуудаж байгаа юм. Түүний ярианд түр саатна уу.
- Нас:27
- Мэргэжил:Нягтлан бодогч
[/vc_column_text]
-Дөрвөн сарын дотор гайхалтай үр дүнд хүрчээ. Энэ үр дүнд хүргэсэн хамгийн том хүч юу байв?
-Ерөөсөө л хооллолт. Төрчхөөд сарын дараа жин дээр гарч зогсоход 83 кг байлаа. Намхан надад энэ бол асар их тоо. Тэгээд л өөртөө амлалт өгсөн юм. “Ядаж л хүүхдэдээ эрүүл, зөв үлгэр дуурайлал үзүүлье. Туръя” гэж. Хүүхдээ бор хоолонд орох хүртэл нь судалгаа хийж, янз бүрийн хоол хийдэг байсан. Фэйсбүүк гэх цонхны цаанаас зарим хүмүүс “Энэ зүгээр л хоол хийгээд байж байдаг юм байна” гэж бодсон юм шиг байгаа юм. Угтаа бол би янз бүрийн судалгаанууд уншиж, өөртөө эрүүл зөв хооллолтын дадал, зуршил суулгах гээд үзэж тарж байгаа юм. Зургаан сарын туршилт, судалгааны дараа нэг юм учраа олж, эрүүл хооллолтын зарчмаараа хооллож эхэлсэн. Тэгээд хүүхдийнхээ нэг насны ойн баяраар “Мисс болоод зогсож байна аа” гэх амлалтаа биелүүлж чадсан даа.
-Хүн урмаар услагддаг. Тэр утгаараа гэр бүлийн хүн ойлгож, дэмжих чухал шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Ер нь бол манай гэр бүлийн хүн намайг сайн дэмждэг. Гэхдээ эхлээд турна гэх үед маань “Яг чадах уу. Чи чадах уу” гэж байсан.. Харин дараа нь “Би чамайг хэзээ ч турахгүй байх гэж боддог байсан” гэж билээ. Тэгж хэлэхэд нь би үнэхээр үр дүнд хүрээд байгаа юм байна гэдгээ ойлгож, эрчээ алдалгүй зорьсон.
-Одоо ингээд зогсох уу, эсвэл үргэлжлүүлэн турах уу?
-Багаасаа хичээл номдоо л анхаарч, гадаад гоо сайхан, эрүүл мэнддээ цаг зарцуулж мэддэггүй байж. Аагий ахын “Андгар шар” гэж хочлуулаад л. Ер нь бол маш их гоочлуулдаг байсан. Тээр жил алтан гахай жил гарч байсан юм даг. Би тэгэхэд алтан шаргал өнгөтэй куртиктэй байж таарав. Тэр жилээс хойш хүүхдүүд намайг “Алтан гахай” гэж дууддаг боллоо. Эмзгээр тусдаг байсан ч өөртөө өөрчлөлт хийж чадахгүй л яваад байсан.
Хүмүүсээр өмнө нь гоочлуулдаг байсан болохоор буцаж таргална гэхээс нэлээн айдаг болчихсон. Тиймээс одоо буцаад жин нэмчихгүй байхыг хичээнэ. Бас дахиж турахгүй. Жингээ барина даа.
-Бусдад таалагдаж амьдрахаас илүү өөртөө таалагдаж амьдарна гэдэг чухал юм шиг байгаа юм. Жингээ хасахаар хичээсэн тэр дөрвөн сарын чухам аль өдөр нь “Боллоо. Одоогийн би л өөртөө таалагдаж байна” гэх мэдрэмжийг мэдрэв?
-Өглөө босуутаа хөнгөн бие засаж, жингээ үздэг байсан. Дараа нь толины өмнө дотуур хувцастайгаа зогсоод, зургаа авна. Тэгэхэд жингийн тооноос илүү биед маань өөрчлөлт гарч байгаа нь илт мэдрэгддэг байсан. Түүнд урамшаад л, илүү их үр дүнд рүү зорьдог билээ. 8-ын тооноос эхэлсэн хүн чинь 7-ийн тоо харуутаа за, одоо 6-ийн тоо харчих юмсан гээд л. Хүсэж байсан 6-ийн тоогоо харуутаа 5-ын тоо руу шунаад л. Одоо бол болсоон. Одоогийн бие өөртөө хангалттай таалагдаж байгаа.
-Турахаар арьс суларч унжих гээд байдаг талтай. Та хэрхэн арчилж байсан бэ?
-Хооллолтдоо анхаарахаар турж байгаа ч бие маань галбиржихгүй, дөрвөлжин л болоод байсан. Мөн арьс сулраад, унжих маягтай. Гэртээ хүүхдээ харж байгаа хүн чинь фитнес явах боломжгүй. Гэрийн нөхцөлд өглөө болгон 108 мөргөл хийдэг боллоо. Тэгээд 28 хоногийн дараа харьцуулсан зургаа харсан чинь бэлхүүсээрээ их нарийсаж, арьс маань ч сайн чангарсан байсан. Ер нь бол хооллолт чухал ч бага зэргийн дасгал хөдөлгөөнтэй хослуулах хэрэгтэй юм билээ.
Хүн эрүүл хооллоод, дотроосоо эрүүлжээд ирэхээр дан ганц эрүүл жинтэй биш бүх эд, эрхтнүүд эрүүлждэг санагдсан. Арьс ч тэр, үс ч эрүүлжээд л…
-Таны жишээнээс харахад, хүн болгон турах албагүй, бондгор байгаа нь өөрт нь таалагддаг байж болох ч эцэг, эхчүүдэд гарцаагүй эрүүл, удаан амьд байх хариуцлага ирдэг юм шиг ээ…
-Яг тийм. Хүн болгон туранхай, хөөрхөн байх албагүй ч эрүүл байх, тэр тусмаа эцэг, эхчүүд эрүүл байх үүрэгтэй юм байна. Миний турах гол шалтгаан энэ. Хүүхэдтэйгээ олон жил хамт байхын тулд эрүүл байх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Төрсөн ээжүүд хүүхдээ бодоод, өөрийгөө хаячихдаг талтай. Тэгж болохгүй. Хүүхдээ бодож л байгаа бол өөрийгөө ч бодох хэрэгтэй. Та өөрөө ч гэсэн эрүүл байх ёстой байхгүй юу. Ээж, аав нь эрүүл зөв хооллолттой, эрүүл амьдралын хэв маягтай байх юм бол тэр гэр бүлийн суурь хүмүүжил хүүхдэд нөлөөлнө. Товчхондоо бол эрүүл амьдралтай гэр бүлд эрүүл хүүхэд өсөж торнино.
-Одоо гэртээ хүүхдээ харахын хажуугаар онлайнаар турах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Таны явуулж буй хөтөлбөр юугаараа онцлогтой вэ?
-Ер нь бол намайг турж байх үед маш олон хүн “Яаж турав. Яг ямар аргаар турав. Аргаасаа хуваалцаач. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн үү. Эм уусан уу. Тан хэрэглэсэн үү” гэж асуусан. Ажлынхантайгаа нэг уулзтал сошиалаар хөтөлбөр хэрэгжүүлж, олон хүмүүсийг үр дүнд хүргэхийг зөвлөсөн юм. Зориглож чадахгүй явж байсан надад тэд маань ихээ итгэл өгч түлхсэн дээ.
Одоо гурав дахь удаагийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд, 500 гаруй шавьтай болчихсон явж байна. Багаасаа л бондгор байсан хүн ийм үр дүнд хүрсэн нь олон хүн итгэж, урам зориг авах том нөлөө болж байх шиг ээ. Хөдөө орон нутгаас, хотоос гээд энэ тэндээс л хүмүүс хамрагдаж байна. Хүн нэг бүрчлэн долоо, долоо хоногоор системтэйгээр хоолных нь цэсийг гаргаж өгдөг. Миний хөтөлбөрт бүртгүүлж, 21 хоногийн турш тууштай байсан хүмүүсээс хамгийн дээд тал нь 11 кг хасчихсан байгаа.
-Ярилцсанд баярлалаа.