Цагдаагийн дөрвөн албан хаагч нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид өчигдөр (2024.04.03) мэдээлсэн.
Тангараг өргөсөн төрийн цагдаа нар насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн байхад салбар хариуцсан сайд нар нь чимээгүй л… УИХ-д сууж буй эмэгтэй гишүүд ч нам жимхэн байв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, АН-аас сонгогдсон С.Одонтуяа нар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг дээрх асуудалд анхаарах хэрэгтэй, дараад өнгөрч болохгүй гэсэн байр суурь илэрхийллээ.
Д.Өнөрболорын тухайд, Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд нэн яаралтай зохих хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэн, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилахыг ЦЕГ, Хууль зүй дотоод хэргийн яамнаас шаардаж, цаашид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглана гэсэн юм.
Харин С.Одонтуяагийн тухайд, “Манай цагдаа биднийг хамгаална гэдэг байсан. Гэтэл нялх хүүхдийг хүчиндээд… Бүлэглэж хүчиндэнэ гэдэг бол тэр салбарт, боловсон хүчин бэлдэж байгаа сургуулиудад ёс зүй гэж ойлголт байхгүй болсон юм байна. Энэ асуудлыг дараад өнгөрөөх биш дахиж ийм асуудал гарахгүй болтол ажиллах хэрэгтэй” байна гэлээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шалгагдаж буй уг хэрэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Тодорхой шалгагдаж буй гэмт хэргийн асуудлаар мөрдөх алба зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр, зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл хийх хуультай. Зөвшөөрөлгүй мэдээлэл хийвэл тухайн мөрдөгч, хууль сахиулагч 1-5 жил хорих ялтай гэмт хэрэгт буруутгагдана. Хэвлэлээр гарч буй асуудал бага насны хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул нээлттэй мэдээлэх нь хүүхдийн эрх зүйн байдлыг хөндөнө. Прокурорын байгууллага хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар, мэдээлэл хийх боломжоор мөрдөх албыг хангах нь зөв байх. Бүх насаар хорих ялтай, шалгагдаж буй, нотлогдож батлагдаагүй эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд урьдчилсан дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой бөгөөд гэмт хэрэгт тооцогдоно” хэмээн сошиал хуудсаараа хариу өгөв.