Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2024 оны сонгуульд нэр дэвших гэж буйгаа зарлалаа.
Түүний тухайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах зүйл ангиар таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж, хорих 461 дүгээр ангид 68 хоногийн турш цагдан хоригдсон. Одоогоор хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа юм. Хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хориглочихоод буй. Мөн шүүхээс сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлчхээд байгаа билээ.
Тэрбээр сонгуульд яагаад нэр дэвших гэж буйгаа ийн тайлбарлажээ.
Н.Өнөрцэцэг “Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нь амлаж аваад өрсөлдмөөр байна. Тэр Боловсролын зээлийн сангаас АНУ-д сурахаар 32.000 ам.долларын зээл авсан. Гэхдээ сураагүй. Мэдээлэл нь гараад ирэнгүүт гялс төлчихсөн. Гэхдээ хүүг нь төлөөгүй. Үүнийг нь асуусны төлөө намайг, миний хүүхдүүдийг, ээж аавыг нь яаж цовдолж байгааг та бүхэн харж байна уу. Би ийм хүнийг төрд оруулж, ахин олон хүнийг хэлмэгдүүлэхэд тээглэнэ. Би айхгүй. Дарангуйллын эсрэг зогсоно, ганцаардсан ч хамаагүй. Хийсэн хэрэгтээ хүн айдаг болохоос хэрэг хийгээгүй хүн айдаггүй юм аа. Гаднаас тэмцэхээр шоронд хийдэг юм бол, дотроос нь ороод нэг үзье” гэлээ.
УИХ-ын гишүүн, сайд Б.Энхбаярын тухайд 2020 оны сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон. 2024 оны сонгуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойргоос нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа юм. Тэгэхээр Төв аймгийн харъяат, сэтгүүлч Н.Өнөрцэцэг 6-р тойргоос нэр дэвших бололтой. Б.Энхбаярын тухайд МАН-аас мандат авч буй. Н.Өнөрцэцэг тэгэхээр аль намаас мандат авах нь ихээхэн анхаарал татаж байна.