Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 61.1 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 04 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
Байнгын хорооны тогтоолын энэхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувийн саналаар дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 04 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.
Байнгын хорооны хуралдаан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин танилцууллаа.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан гэв. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Монгол Улсад нэвтэрч, амжилттай үйл ажиллагаа явуулж буй франчайз эрхтэй сүлжээ дэлгүүрүүдийн хөрөнгө оруулалт хууль журмын дагуу эсэхийг, койн болон цахим мөрийтэй тоглоомын орчинд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг эсэхийг, цаашид үүн дээр эрх зүйн зохицуулалт хийх шаардлага бий эсэхийг М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой брокерын пүүсүүдийн үйл ажиллагааны тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр иргэдээс ирүүлж байгаа гомдлыг тэрбээр уламжлаад, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг эсэхийг тодруулсан. Франчайз эрхтэй сүлжээ дэлгүүрүүд нь олон мянган хувьцаа эзэмшигчтэй, засаглалын хувьд маш оновчтой загвараар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлээд “Нийгэмд эерэг үр нөлөө үзүүлдэг гэж харж байна. Тухайлбал, 24/7 үйл ажиллагаатай, бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуйн стандартын дагуу бэлтгэдэг, оюутнуудад хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгосон гээд олон давуу талууд байна. Хувьцаат компанид тавигдах бүхий шаардлагуудыг тавьж, хяналт тавьдаг бөгөөд Хорооноос олон нийтийн компани болох зөвшөөрөл өгсөн” гэдэг хариултыг өгөв. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсны үндсэн дээр Хороо виртуал хөрөнгийн биржүүдийг бүртгэж байгааг мөн тэрбээр дурдаад өдгөө 12 виртуал хөрөнгийн бирж бүртгэгдээд байна гэв. Цахим мөрийтэй тоглоом нь олон улсын хэмжээний асуудал болсныг Д.Баярсайхан дарга хэлээд “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Монголбанк, Боловсролын яамтай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн цахим луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх бүхий л төрлийн сургалт, сурталчилгаа, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сувгуудаар түгээж байна. Цаашид энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий гэж харж байгаа” гэв.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, Ц.Цэрэнпунцаг гишүүнээс хариулт, тайлбар авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 54.5 хувь нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эx Сурвалж: Улсын Иx Xурлын Тамгийн Газар