“Сайн үзэгчийг бэлдэхийн тулд театр олон сандалтай байдаг” гэж зохиолч, орчуулагч Э.Оюун хэлсэн бий. Найруулагч Ч.Түвшин “Манай үзэгчид жүжгийг зөвхөн “үзэх” гэж л ирээд байна” гэж мөн ярьжээ. Энд юуг чухалчлан өгүүлнэ вэ? Мэргэжлийн театр академик чанараа үл гээж, үзэгчид уран сайхны мэдрэмжээ өндөр хэмжүүрт барихын ончроог хэлсэн байна. Гуравдугаар сард монголын орчин цагийн драмын урлаг түүхэнд тодоор тэмдэглэх баялаг ургац хураалаа. Урагшилсан, ухарсан олон үзэгдлийг тоймлон товч тэмдэглэхийг энэхүү шүүмжид зорив.
Хэдхэн жилийн өмнө хотынхоо ганц төв театрын бүтээлийг чимээлэн суухдаа бид урлагийн шүүмж алга боллоо, мэргэжлийн бүтээлүүд үгүйлэгдлээ хэмээн шогшорцгоож байсан. Олон шинэ театрын өрсөлдөөн өрнөж, бүтээлийн өнгө аяс алаглан дэлгэрэхийн хамт урлагийн шүүмжлэлийн салбар ч хүч түрэн сэргээд амжсан билээ. Гэтэл цагийн өнгө, хүний магтаал хоёр хувьсан хөрвөхдөө даан ч хурдан юм. Талархаж хөөрсөн баярын магтаалын хэтийдсэн дүйвээнд бүтээлийн чанар, агуулгын даац, яруу урлалын увидас бүдгэрэн нуугдаж нийтлэл, шүүмжлэл хоёр ялгарахгүй болтлоо, мэргэжлийн хийгээд сонирхогчийн хүрээний арга ажиллагаа арилан ариустлаа хавтгайрав шүү. Гурван зангилаа асуулт дундаа тавьж, театр бүрийг жишээлэн ярилцаж хариулья.
- Үзэгчдээсээ үл ялгарах уран бүтээлчид яагаад олшров?
- Драматургийн алхмыг алгасахаа хэзээ болих вэ?
- Мэргэжлийн урлаг нийтийн хэрэглээ рүү уначихав уу?
1. Театр тусгайлан гоцолдог урлаг биш -“Клеопатра” /Mongol theatre/
Монголын драмын урлагийн отгон театр “Монгол театр”-ын анхны уран бүтээл “Клеопатра” жүжиг. Түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг хэмээн угсруулан тодорхойлохдоо найруулагч “метамодерн” гэх нэршилтэй давхар малгай өмсгөн амбицандаа дарлуулчихжээ. Уулга алдан бариад авах, ухаж эргэцүүлээд тунгааж үлдэх уран сайхны илэрхийлэл энэ их хөдөлмөр, хөрөнгө хүч дунд торойсонгүйд гүнээ эмзэглэнэ. Театр хамтын ойлголцол, нэгдмэл уран сайхны үр өгөөжөөр амилдгаас биш тал талд гоцлон тоглож, толгой толгойгоо даан сондгойрох хэдэн хүний дур зоргоор бүтдэггүй. Найруулагч А.Чингүүн бие даасан театрын эхний бүтээлдээ хоёр өөр цаг үеийн хоёр өөр төрөл зүйлийн хэл, хэллэгтэй жүжгүүдийг нэгтгэн тавихаар харсан эр зориг, эрч хүч, элдэв эрэлхийллийг давуулан үнэлж сайшаалтай ч дуугай өнгөрч бас чадашгүй нь. Холын гараанд ташуур болог ээ.
У.Шекспир, Б.Шоу нарын жүжгийн зохиол дундаас “Клеопатра” хэмээх жүжгийн шинэ үүсмэл зохиол бүтээн ажилласан бол өөр асуудал. Гэтэл хоёр хэсэгт ангилан хуваагаад залгуулан үзүүлэх энгийн холимог хялбарчлалтай үзэгчид нүүр туллаа. Эх зохиолын хувиргал, найруулагчийн зохиолын боловсруулалтад ач холбогдон өгөн ажилласан ч сэдсэн шигээ онцгой болсонгүй. Зохиомж, утгын бүтцийг товчлон хуулбарласанаас бус сийлэн бодож олоод буулгасан шинэлэг өгүүлэмж, баяжуулан тодруулсан арга санаагаар дутмаг.
Хатан хаан Клеопатрагийн дүрийн дотоод ертөнцийн олон дуу хоолойг жүжгийн туршид чадмаг хувирган тээж үзүүлэх Н.Баярмаа жүжигчний дотоод нөөцөөр уг бүтээл нэвт шувт амьсгалж “амьд үлдсэнд” баяр хүргэх хэрэгтэй. Уран чадварын эрэмбэ үнэхээр ялгардаг ажээ. Алдар цуут Клеопатра хатны гэнэн болчимгүй ч эрс шийдэмгий, туйлын гоо үзэсгэлэнгээ эрхэм эрх сүртэйгээ эн тэнцүүлэн төгөлдөржих зан төрхийг уран чадвар нь ид жагсаж яваа жүжигчин Н.Баярмаа эх орон, эрх ямба, янаг сэтгэл гурвыг ижилгүй хайрлаж тэмцсэн дотоод тэмүүллээр илтгэн тоглов. Түүхэнд мөнхөрсөн суут хатны онцгой оюунлаг шийдвэрт байдал, их суу залийг түлхүү гаргасан бол дүр ерөнхийллөөс салж бүрэн ойлгогдох байв шүү.
Зохиолуудын нийлэмж, нэгтгэн олж барьсан шинэ эхийн суурь бүрэлдээгүйгээс шалтгаалаад гол дүрээ тэтгэсэн дүрүүдэд тодорхой чигч хандлага суугаагүй, тэрхүү ажиллагааг зөв олуулаагүй найруулга бүтээлээ нуршинги, сул аястай мэдрүүлнэ. Улмаар үүдэн үүсэх зөрчлүүдийг хүчтэй суулгаж угсраагүй учир мөн л хэт ерөнхийлсөн түүхчлэл бүхий хүүрнэл л хөврөөд байв. Жүжгийн тавилтын амжилтыг “тусгайлсан тоглолтоор биш, харин жүжигт оролцогч бүх хүмүүсийн жүжиглэлтийн нэгдсэн ансамбль, уран бүтээлийн нэг аргаар жүжгийн утга санааг ойлгох явдлаар тодорхойлогдоно. Жүжгийн бүх элементүүд, тайз, хувцас, тавилга, хэрэгсэл, гэрэл гэгээ, дуу чимээ, хөгжим энэ бүгд нэгдмэл зорилготой, уран сайхны нэгэн бүхэл дүр гаргахад туслах тухай ойлголт” хэмээн үнэлж цэгнэдэг байна.
Үзэгдэл бүхэнд жүжигчид тайзныхаа голд цуглаад урагш үзэгчдэд хандан ээлж дараагаар өөртөө л ярьж “үзүүлнэ”(ялангуяа эхний хэсэгт). Ярих нэгнээ харан хөрөг зураг шиг зогсоцгоох тайзны идэвхгүй, үйлдэлгүй ядмаг хэв маяг өөрчлөгдөхгүй давтагдсаар дууссан. Үйлдэл гэдэг “мэдрэмжид тавьж өгч буй өгөөш, урин дуудах мэх, алсаас залан татах бугуйл гэсэн үг. Мэдрэмжийг хоосон гараараа татан авах боложгүй; заль, уран ухаан хэрэгтэй” юм. Потин болон зуучийн дүрийг бүтээсэн Д.Бямбацогт, өрлөг эх Фтататита-Н.Отгонтогос нар дүрээ уг шалтаантай ургуулан бодож, арвин туршлагаараа амжилттай бүтээж өнгөлөн гялалзлаа. Октавиан жанжны дүрийг урласан залуу жүжигчин Х.Сумьяадоржийн омголон эрэмгий хэрнээ ихэмсэг дээд төрхийг гүндээ эрхэмлэн хэмжээлсэн чимбай ажиллагаа жүжигт тун оновчтой (хоёрдугаар хэсэгт) зохицож чадлаа.
Жүжгийн эхний хэсэгт Юлий Цезарийн дүрд тоглосон жүжигчин Б.Жаргалсайхан театр дотор театр тоглохын буруу үлгэрийг гарамгай багшлав. Үг бүрээ удаанаар тасалж хэлэхдээ, бүр “төгсгөж” ярихдаа хэтэрхий хайнга, хэтрүүлэн үзүүлнэ. Аялгуулан уянгалж, өөртөө хэт монологдсон тоглолт хэчнээн амьгүй ирнэ вэ. Жанжин, дайсан, амрагийн алинд ч ижилхэн энэ харьцаа цаг орчим үргэлжлэхэд ганц жүжигчний яруу найргийн үдэшлэгт ирсэн мэт манарааж орхисон доо. Харин Цезарьт удаа дараагаар өрнөх үйл санаагаа хадгалж, жигд мэдрэн тоглосон жүжигчин Э.Идэрболд их том хань болсоныг онцлууштай.
Бүтээлийн дүр нэг бүрчлэн ерөнхий санаанд багцлагдан тайлагдах учиртай билээ. Цөм хоорондоо зөвтгөлтэй, итгэл үнэмшилтэй, хариулттай эргэн уялдаж гэмээнэ урлан бүтээхүй цогцлоно. “Клеопатра” жүжигт тайзны зураачийн өвөрмөц урлал, хөгжмийн зохиолчийн драматург, гэрлийн зохиомж зэргээс дээрх бүтээлч шинж, түүхэн уран сайхны төлөөлөл, театрын хэлийг үзэгч илүүтэй хүртсэн ч агуулгадаа бүхлээрээ үйлчлэн уусаж, нэвтрэн гарч чадсангүй.
2. Алдаагаа давталгүй ахимаар байна – “Шадар гурван цэрэг” /Pro theatre/
“Шелкунчик”, “Инээмтгий хүн” тэргүүтэй “Pro” театрын шинэ уран бүтээлүүдийг алгасахгүй үзжээ. Театрын урлагт сэтгэл зүрхээ эргэлтгүй өргөж, чин зорилгод хошуурсан нэгэн ангийн шижигнэсэн залуусаас ямагт театрын хэлээр ярих, мэргэжлийн хандлагаа титэмлэн тэмтрэх илч дулаан мэдрэгддэгт талархдаг юм. Бүтээлүүддээ голлох үүргийг биендээ ээлжлэн хувиарлаж ажиллахдаа энэ чанараа бататгахаар зорьсон санагддаг.
Шинэ бүтээлдээ гэвч “Инээмтгий хүн” жүжигт гаргасан алдаагаа хэнэг ч үгүй дахин давтлаа. Жүжгийн зохиол бүтээх суурь алхмыг товчлол гаргах үйл явцаар огло харайв. Тиймээс өгүүлэх гол түүхийн барьц, чиглэсэн үйл явдлын өрнөл тэнцвэргүй, олон талд хүндийн төв тарамдсан. Давчидмал хурдан хэсгүүд ар араасаа залгахаар дэндүү яарсан буюу ирээдүйг хөөн тоглосон, санаагаа нарийн шигтгэж илэрхийлэхгүй хөнгөн үнэлж үйлдэн өнгөрөөсөн хэмнэлтэй. Үзэгчид тогтоон барьж амжаагүй, дүр бүрэн ойлгогдоогүй байтал цааш яаран гүйцгээх огцомдол, тасалдал, буцаад цочмог залган нийлэх өрөлт маш ихтэй учир бүтээлийн хэмнэл үе үе унан анхаарал сарниаж байсан.
Шадар цэргүүдийн энгийн үйлдэл, хээвнэг яриа хөөрөө тун аятай, цагаа тулахад эгзэгтэй хувирч буй тоглолт ойрхон хүрсэн шүү. Жүжигчдийн уран чадвар улам өсөх шаардлагтайг ямар хандлага, нөхцөлд буйгаа нарийн мэдрэхгүй, уг дүрийнхээ өөрчлөлтийг ямагт гярхай үнэлэх ухаалаг ажиллагаа дутмагаас дүгнэж болно. Үнэн үгс дуугарч сонсдохгүй, биеийн үйлдэл, хэлэмждээ хэт татагдав. Товчхондоо үзэгчдэд мэдрэмжийн хүлээлт үүсгэн бариулчихаад, түүндээ автуулан татаж оруулахгүй салангид ажиллагаа анзаарагдсаар төгслөө.
Найруулагч О.Итгэл, хөдөлгөөний найруулагч Д.Ган-Очир, зураач Б.Золбоот нарт онцгойлон баяр хүргэх зүй. Аль болох үйлдэлжүүлж, мэдрэмжтэй харьцааг үнэлүүлэхийг хичээсэн шийдлүүд, тайзны утгат өрөлтүүд нүд хужирласан юм. Жүжигчин М.Төгөлдөр Хамбын дүрээ зан төрх, дуу хоолой, яриа хэллэг, зорилготой үйлдлийн амьд харилцаанд тогтоож хөгжүүлэн ажиллажээ. Оногдсон дүрийнхээ мэдрэмжийг (ялангуяа II хэсэгт) үзэгчдэд хүчтэй мэдрүүлж, анхаарал татсан чадвартай эрмэг тоглолтыг Миледи- Б.Ариунхишиг үзүүлэв.
Б.Билгүүн, Б.Даваасүрэн нарын биенээ огт харахгүй, нүүр тулахгүй шахам чинхүү хайрлалцах учралуудын шийдэл, шатрын хөлгөн дүрслэмж бүхий олны хэсгийн холбоосууд зэргээр хэсэгчлэн харвал сонирхолтой тавилт мэдрэгдэнэ. Жүжигт “найруулагчийн, жүжигчний, үзэгчдийн гэсэн гурван мөрдвөр (партитура) байх ажээ. Тэгвэл чухамхүү найруулагчийн мөрдвөр жүжиг гарах явцад ноцтой хувьсалд өртдөг байна. Учир нь жүжигчний болон үзэгчдийн мөрдвөр хоорондоо уусан нийлж нэгдмэл чанартай болох бүрдээ жүжгийн дэглэлтийг шинээр “гүйцэтгэж”, “тухайн тодорхой эгшин бүрд” жүжигчин, үзэгчдийн хоорондын харьцааны шинэ тогтолцоог бүтээж байдаг” гэжээ. Уг жүжгийн мөрдвөр үзэгчиддээ баригдахгүй, нэгдэн уусахгүй, хамтын уран сайхны харьцаанд орохгүй дотроо л шуурхай үргэлжлээд байсан нь санааг тодотгох шигтгэмэл сэтгэмжүүд багатай, чухал үйл явдлыг энгийн хэрэг шиг жигд үзүүлсэнээс хамааралтайг найруулагч О.Итгэл цаашдаа чимбайруулах хэрэгтэй болов уу. Жишээ нь хонзон санах, өшөө авах, захиа зөөх, зорилгоо нэгтгэх зэрэг чухал эргэлтүүдийн зөрчлийн хурц үнэлгээ, дотоод өрнүүн тэмцэл бага, үг ярианаасаа цааш бодитой биелэгдэхгүй зогсчихоод байлаа л даа. Тулааны хэсэг л өрнүүн эрчимлэг, ур чадвар шавхсан үзүүлбэртэй байна гэж өрөөсгөл хандаж болмооргүй билээ.
3. Урмын хариу ухралтаар ирлээ -“1984” /Orfei theatre/
Хувийн театруудад мэргэжлийн жишиг тогтоож, постдрамын жүжгийн шинэ өнгө төрхийг тууштай таниулж буй “Орфей” театр. Бүтээлийн сонголтоос эхлээд туурвилын яруу гүйцэтгэлийн тийш ямагт яргадаг хамт олон. Энэ удаад ч нийгэм шинжлэлийн мөнхийн нэвтэрхий толь гэгддэг алдарт Ж.Оруэлл “1984” романыг жүжгээр дурандахаар зориглон олзолжээ.
“Гэм зэм”, “Опал”, “Шөнө дундын бүжиг” бүтээлүүдийг нь нэн таашааж хүртсэн учир тун өндөр хүлээлттэй учран золгов. Харамсалтай нь их санасан газар есөн шөнө гэдэг шиг улаан цайм хууртагдсан мэт мэдрэмжийг авдаг байна шүү. Яарав уу, даарав уу? Юу болов оо, эрхэм найруулагч М.Батболд, эрхэм зохиолч Я.Баяраа нар аа! Урагш хөтлөн даллаж асан театр маань энэ удаад ард гарч зогсчихоод урагш түлхэх шиг аргадсан, аргацаасан бүтээлийн хийцээр хүлээлтийн хариу барилаа. Бүх зүйл дүрмийн дагуу, өм цөм алдаа үгүй, “онц сурлагатан”-ны жигд ажиллагаа боловч товчхондоо жүжигчдийн уран чадварыг эс тооцвол энэхүү жүжиг бүхэлдээ ухралт байлаа.
Сэдэвлэсэн жүжгийн зохиол бичих, найруулах давалгаа ойрын жилүүдэд манай театруудад хэвшил болсон. Хөгжлийн нэгэн чухал шатыг туулж буйд итгэнэ. Н.Пүрэвдагва, Я.Баяраа нарын олон талт, маргашгүй авьяастанууд жүжгийн зохиол, драматургийн соёлыг урагш ахиулахын төлөө ид ажилласаар буйг бид үнэлэн тэмдэглэдэг. Эх зохиолд ямагт хүндэтгэлтэй ханддаг зохиолч Я.Баяраа энэ удаад “хэт хүндэтгэлтэй” хандаж “томров”. Жүжиг эхэлсэн даруй романы тийм бүлэг, тэр хавьцаа энэ үйл явдал гардаг даа гэж бэлэн “уншигдахаар” зохиолын товчлолыг хүртээлээ. Шинэ жүжиг, шинэ бүтээл гэсэн биз дээ? Ерөнхий өнгө аясыг гол дүрийн хосууд руу тал талаас зөөлчилсөн өрөвч, уян талдаа барьсан нь Ж.Оурэллын гайхмаар оношилж харсан хоржоон, нэр томьёо болтлоо тогтсон олон сэтгэмж санааны цаадах чинагуух гогцоог хүчтэй дурандсангүй юү гэж санагдлаа.
Зохиолын амин судсыг барьж, түүнээ театрын хэлээр босгож, тайзны хэл үүсгэхдээ том гэлгүй шингээдэг, багачилалгүй дэлгэрүүлдэг найруулгын уран чадвараа найруулагч М.Батболд хаана нууж “бааварлав аа?” Агуулгын театр юм шүү гэсэн хийрхэл үгс, хоосон магтаалууд харагдана лээ. Урлагийг хүртэх урлагийг үзэгчдээс нэхэх зүйтэй ч энэ удаад хэт дотооддоо “тоглолт” хийчихжээ. Гол дүрүүдийн давхар бодлын онцлогийг хоолойн бичлэгээр тэгшитгэн шийдсэн нь хэр оновчтой вэ? Жүжигчин чадвар нөөцөө арвитган тэлж тоглох боломжийг хэт баригдмал хүрээ, хатуу шийдлүүдэд барьж харуулах, “тааруулах” шиг хязгаарлалт мэдрэгдсэн. Уг зохиолын амин сүнс, далд дарамтын нууцлаг ур хийцэд зохируулан тайлж болох ч Смитийн хувьд эхнэр, хархнууд, биеэ үнэлэгч, ОБрайены тухай ярих хэсгүүдэд бодлынхоо тухай өөрөө өөртөө өгүүлэн тэмцэх тоглолтод жүжигчин С.Болд-Эрдэнэ үнэнхүү нэг бүрчлэн задран тэсэрч жүжигтээ автуулж байлаа шүү дээ.
Эх зохиолыг нягт хураасан уртай найруулагчийн ажлын сайн хэсгүүд цөөнгүй байна. Парсонсынхон харх шиг бөгтгөнөн явна. Зарчимтай царайныхаа далдад ёс бусыг аялдан тээгч хүмүүс. Яг үнэндээ жинхэнэ давхар бодолтон, айдас тээгч аймшгууд нь хэн бэ? гэж “давхар бодмоор”. Смит, Жулия хоёрын хайрын өгүүлэмжид уруулаа хөдөлгөхгүй ярьж сурсан гээд хайрынхаа бодлоор жаргалтай ойлголцож буй хосууд үнэхээр “тостой гараар баримгүй” нандин харам агаад дуу хоолойн бичлэг энд хачин сайхан тохирох жишээтэй.
Смитын шийтгүүлдэг хэсгийг бодолдоо яргалуулснаар буюу дэлгэцнээ дүрсжүүлэн өгүүлж, наана нь биеэрээ идэвхгүй цөхрөн харилцах үг дуугүй илэрхийлэл маш онцгой бүтжээ. (амьгүй, ухаан санаагүй шахам биеэ л тээж явах мэтээр байцаагдаж ядах нь оновчтой). Бодол бодлоороо биенээ яллах буюу давхар бодлуудаар далд ярилцан шийтгэх (ятгаж) уран сайхныг үнэлэлтэй. Хамгийн сүүлчийн хүн чамайг “эмчлэх” болно гэхүйд тайз, орчин нэлэнхүйдээ хөдөлгөөнд эргэлдэж ухамсар өөрчлөгдөж, ор үгүй болсон шилжилтийг хүчтэй үзүүлсэн шийдэл эзэмдэж чадсан юм.
Харин ОБрайен, Смит хоёрын эхний уулзалт эцсийн уулзалт шиг яс тас байцаалт, албан тулгалттай, зарчимтай хөндий яриагаар тувт үргэлжлэх нь үнэмшил ялгаамжгүй харагдуулсаныг шүүмжлэлтэй. ОБрайен нууцлаг сэжиг бүхий өнгө төрхөөр л харьцсаар байх нь нуршуу байдалд жүжгийн хэмнэлийг унагааж орхисон. Өөд өөдөөсөө хараад нэг нь номлож, нөгөө нь дуулгавартай сонсогч болох тоглолт үзэгдэлдээ итгэж үнэмшүүлэх харилцаа, “ятгалга” болж ирэхгүй, хүртэгдээгүй. Нэрт найруулагч Б.Мөнхдорж хэлэхдээ,
“Найруулагчийн задаргаа гэдэг зохиолыг үйл хөдлөлөөр судлах аргатай холбогдоно. Энэ задаргааг төгс хийсэн залхуугүй найруулагч, залхуугүй жүжигчид зорилгынхоо дагуу I үзэгдлээ хийж эхэлнэ. Зохиолын амьдрах хөрс ингэж бүрэлдэж буй юм. Амьдрах гэж хэлж болохгүй, амилах. Амьдарна гэхээр рольд орох юм яриад явчихна. Ролиос гарч болно, орж болдоггүй юм. Гарах бол амархан, орж болдоггүй юм шүү. Амьдардаг юм. Амьдрахын тулд урладаг. Урласан юм чинь амьд харагдана. Урлал гээд бодохоороо гялгар бөгж бодохгүй ээ, бөгж чамайг урлахгүй, чиний оюун мэднэ. Тэгэхээр жүжгийн зохиолыг оюунаар эрэх ажиллагаа гэдэг бол задаргааны хамгийн гол түлхүүр. Оюунаар эрэх ажиллагааг уйгагүй хийсэн нөхцөлд л гол задлагдаж буй юм биелнэ. Тэгээд улмаар тоглох юм тодорхой, ролиуд дүрдээ жинхэнэ орж эхэлнэ дээ. Ер нь найруулагчийн хамгийн суурь бол зохиолыг олж харах, яаж урлах вэ гэдэг сэтгэлгээ л байгаа юм шүү дээ. Зохиол нэгэнт бичигдчихсэн юм чинь. Харин ямар санаа, яагаад өнөөдөр энэ жүжгийг вэ? гэдэг соён гэгээрэл чухал” хэмээн сууриас нь тодорхой учирлан өгүүлжээ. Ихийг хүлээж буй найруулагч М.Батболд таниас цаашдын бүтээлдээ энэ мэт назгайралгүй, өөрийгөө давталгүй хэд дахиан ахиулан хий зайгүй бүтээгээсэй гэж хүснэ.
Гол дүрийн жүжигчин С.Болд-Эрдэнэ тайзны урлагт супер од болон гялалзсанаа дахин баталлаа. Мэдрэмжтэй, авьяастай жүжигчин үргэлж үйдлээр “өвчилж”, хором ч түүнээ алдахгүй төвлөрдгийг тод томруун үлгэрлэлээ. Нэрийг нь дуудахад л цочин давхийх дадмал үйлдлүүд, хөлөө хавчин доголж явахдаа биеэ барин хэлж ярих, бодолдоо шархалсан түвдэнгүй үнэн төрх зэрэг нь гарцаагүй Смит нэвт шувт харагдсан даа. Хоёр удаа тайзыг бүтэн тойрон гүйхдээ чин дотоод сэтгэлээсээ, үнэнд итгэн хөөрч, түүнээ бусдад түгээн мэдүүлэхийн их хүслээр “хөл газар хүрэхгүй” шахам гүйж байлаа. Үзэгчдийг татан үнэмшүүлж, цугтаа мэдрүүлж, хамт хөөргөж үнэхээр чадсан.
Жүжигчдийн уран чадварууд энэхүү бүтээлийг сэвхийтэл өргөж өглөө. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид болох Г.Равдан, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар зохиолоо, дүрээ тайзны үйлдэлтэй үнэхээр нягт уялдуулан судалж, бараг амьсгалах бүртээ биенээ нэхэн нөхөж бүрэн дүүрэн тоглолтыг шимттэл бүтээх нь юутай бахтай. Д.Ганцэцэг жүжигчний дүрээ хэчнээн үнэн “хайрлан” ялгаруулж чадахын зэрэгцээ үзэгчдийг ховсдон чиглүүлж буйг үнэлүүштэй. Улам ч доторлож, эгзэгтэй өөрчлөлтүүдийг нэмэн хурцалмаар байв. Ц.Төмөрхуяг жүжигчин тайзнаа анх гарахад л ОБрайен гэж танихаар сонголт, үнэмшил төгс уур амьсгалыг сүлж чадсан бол том ахын тагнуул, бусдад нөхөр мэт дайсныг жүжигчин Г.Равдан тохитой өвгөний төрхөн цаана эргэлзэхгүй зүйлгүй нууцлан зөөллөж хадгалангаа гэмгүй үнэмшүүлж өгсөн урлалд талархаад баршгүй юм аа.
4. “Улны театр” болох гэв үү? – “Тод хувцастай эмэгтэй” /Мөрөөдлийн театр/
“Мөрөөдлийн театр”-т итгэх мөрөөдөл минь энэ хүрээд зогсов уу даа. Идэвхтэй, тогтмол туурвидаг шаргуу уран бүтээлчид “Тод хувцастай эмэгтэй” гэх жүжгээр мэргэжлийн театруудын өрсөлдөөнөөс даруй хэдэн алхам арагш алхаж чадлаа. “Уянгын драмын жүжиг” хэмээн төрлөө тодорхойлсон ч марзан хошигнол, хүчилсэн хуурай уянга дундах холион бантангаас гоо зүйгүй бохир таашаал, бартаг зугаа л зуурдхан мэдрэгдээд өнгөрнө.
2006 онд УДЭТ-т Д.Мэндсайхан зохиолчийн “Ээжээ” жүжиг Б.Баатар найруулагч, жүжигчин С.Сарантуяа тэргүүтэй шилдгүүдийн бүтээсэнээр амилан шуугиулж байв. Тэр онцгой нандин бүтээлийг танихын эцэсгүй болтол “Тод хувцастай эмэгтэй” болгож “зэрэмдэглэжээ”. Ийн өөрчлөн бичиж, арилжаанд нийцүүлэн дордуулж хувиргасан зохиолчийг ч шүүмжлэлтэй. Ямар зорилготой хийсэн, ямар шалтгаанд үндэслэсэн шинэ бүтээл гэгч нь вэ? Барьсан тодорхой үзэл санаа, тогтсон учир уялдаагүй өнгөц хөврөх үйл явдлууд уран сайхнаа уландаа гишгэлсээр төгсөнө. Нийтийн өргөн хэрэцээг, олон түмний дундаж таашаалыг олзлон авч, зуурдхан зугаацахаар шийдсэн юм бол мэргэжлийн гүйцэтгэл нэхээд ч яах сан билээ.
Хэт натурал, туйлын илэрхий бодит тоглолтоосоо жүжигчид урам зориг, уран сайхан мэдэрдэг л юм байх даа гэж өмнөөс нь халагламаар. Сургамжит өгүүллэг ч ийм ил цагаандаа гарсан санаа, дүрслэлтэй байдаггүй шүү дээ. Үүндээ огт эмзэглэхгүй үзүүлсээр байгаад гутармаар. Жүжгээ агуулгаар нь бүхэллэг харж чимхлүүр харьцаа үүсгэн тоглож буй жүжигчин олж харсангүй. Тийм уран шийдлүүд ч Н.Наранбаатар найруулагчаас торсонгүй. Үнэн хувиралгүй, бэлэн хайнга тоглолт, ойр ойрхон хүчилж дүгнэсэн харьцааг найруулагч нүд, чихээ даран өнгөрөөсөн бололтой.
Хангалттай чадвартай, дайчлах нөөцтэй гэж боддог жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт нараас уран чадварын онцгойрол, тайзны мэдрэмжтэй үйлдлийн уртай тоглолтууд, ухаалаг хандлагын буурь суурь мэдрэгдэхээ болив. Х.Намуун, Т.Баттулга нарын тоглолт дүрээ хоосон сэтгэл хөдлөлд автсан буюу зовнил бухимдлаар нэн тэргүүнд “өмчлөн” гаргахыг шуудхан зорьж байв. Шалтаг шалтгааны ул мөрийг тодруулахгүй загварчлах нь ямар ч тохиолдолд үнэмшилгүй, амьгүйгээр хаалттай үргэлжилнэ. О.Энхтуул жүжигчин, зохиолын ээжийн үг хоёрын хүчээр гол зогоосон энэ бүтээлээс уран сайхны хэмжүүр, хариу үнэлгээг зохих ёсоор шаардах ёстой үзэгчдийнхээ хуурмаг шуугисан таашаалд бас гутармаар болно. Дахин хатуухан хэлэхэд “Massa буюу бөөн цул гэсэн утга бүхий латин гаралтай үгээр нэрлэгдсэн энэ чиглэл нь ур чадварын доод түвшинд хийгдсэн, үнэт чанаргүй, хялбар хөнгөн явдал, хэтэрхий болхи шинж төрх бүхий гагцхүү зах зээлд хурдан борлуулж эргэлт хийхэд чиглэгдсэн, аливаа нийгэмд байдаг ухааран ойлгох чадваргүй, хөнгөн зугаа хөөцөлдөгч хар массынхан буюу оюун санааны борчуулд зориулсан байдгаараа онцлогтой” тул та бүхэн минь “улны театр” болохоосоо өмнө зогтусан эргэж нэг харвал яасан юм бэ?
Х.Чойдогжамц
(Сити их сургуулийн багш,
утга зохиол судлаач)