Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан зам тээврийн ослын дуудлага нэмэгдсэн байна.
Өчигдөр өдрийн 12 цагийн байдлаар зам тээврийн ослын 270 дуудлага бүртгэгджээ. Энэ жирийн өдрүүдээс гурав дахин их тохиолдол болох талаар Цагдаагийн ахмад Б.Энхболд мэдээллээ.
Тэрээр, "Машинууд олноороо мөргөлдсөн осол ХУД-ийн наймдугаар хороонд гарсан. Олон нийт осол гарсан замыг хурдны зам гэж яриад байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм дээр хурдны зам гэж байхгүй. Тууш зам гэж тодорхойлсон нэг л зам бий. Энэ бол Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүрэх Хөшигтийн хөндийн зам. Тухайн зам дээр болсон ослоос гадна Налайхын чиглэлд зам тээврийн багагүй осол бүртгэгдсэн байна. Одоогоор амь нас хохирсон байдал байхгүй.
Хуурай зам дээр зогсоод гишгэх зай, мөстсөн зам дээр зогсоод гишгэх зай хооронд асар их ялгаа бий. Тиймээс нийт жолоочид хөдөлгөөний хурдаа тохируулж зорчих хэрэгтэй.
Манай жолоочид дөрвөн улирлын дугуй гэж их тавьж хэрэглэдэг. Эсвэл урдаа өвлийн, хойноо зуны дугуйтай явж байдаг. Энэ нь машины зогсох зайг уртасгадаг. Эсвэл хэдийгээр өвлийн дугуйтай явсан ч хээ нь элэгдсэн халзан шахуу дугуйтай зорчдог. Энэ нь машины зогсох зайг уртасгаад, жолоочийн аюул ослыг хараад, мөргөхөөр хэмжээний зай болон хурдыг тохируулж яваад тормослоход зогсох зайг уртасгачихдаг.
Нийт жолооч нарт анхааруулахад 5-6 сард өвлийн дугуйгаа зуны дугуйгаар солих нь зөв. Өнөөдрийнх шиг гэнэтийн байдлаар зуны дугуйтай явж байхад цас орвол яах вэ. Анхны цаснаар 700 дуудлага ТЦА-нд бүртгэгдсэн. Өнөөдөр энэ байдал давтагдаж болзошгүй байна. тэгэхээр та бүхэн яарч зуны дугуй тавих хэрэггүй. Одоогоор өвлийн дугуйтай явах нь таны эрүүл мэнд, эд материалд хэрэгтэй" гэв.