Олноо тайз, дэлгэцийн жүжигчин гэдгээрээ танигдсан ахмад дуурийн дуучин Г.Пүрэвсүрэнтэй монголын дуурь, сонгодог урлагийн шинэ үеийнхний талаар товчхон ярилцсанаа хүргэж байна.
"Дуулна гэдэг бол одоо гайхамшиг. Аливаа гуниг зовлон, бүх юмаа мартана шүү дээ. Тайвшрал авдаг байхгүй юу. Элдэв юм бодоод л, шаналаад явж байхад нэг сайхан дуу аялчихад сэтгэл онгойгоод явчихна. Гомдож байсан хүнд тэр нь тайвшрал болно. Тийм учраас хүн бүхэн дуучин"
Хамгийн сүүлд ямар тайзны уран бүтээлд дүр бүтээсэн бэ?
Тайзан дээр гэвэл ноднин Учиртай гурван толгойн Балгандаа дуулсан. Ёстой хэцүү болсон байна лээ дээ. Ахиж л театртаа гомдоод л тоглуулсангүй гээд байх хэрэггүй юм байна лээ. Яг нас бол мэдэгддэг юм байна. Тайз ухаангүй том болчихсон байгаа юм чинь. Алхаад барахгүй. Залуу үед чинь тайз жижигддэг байсан бол одоо аймар том болчихсон.
Монголын шинэ үеийн дуурийн дуучид дэлхийд маш амжилттай яваа. Энэ амжилтад монгол хүний ямар нэгэн онцлог хамааралтай болов уу?
Ер нь дуу дуулна гэдэг чинь тэгээд одоо энэ байгаль дэлхийгээс хамааралтай. Одоо жишээ нь уул хаданд, хангай газар голдуу төрсөн хөвч голдуу төрсөн улс басс, баритонд их голдуу байна. Нутаг орноосоо болж байна. Нөлөөлж байна, хоолойнд нь, өсөлтөд, хүүхдээс нь. Одоо тэгээд сайхан тал газар бол цангинасан сайхан хоолойтой хүүхдүүд их төрж байна. Мөн манай сургуулиуд бид нарын үед дандаа орос школтой байсан. Одоо дуурийн театраас гарсан ахмадууд маань Орос, Болгар школын дундаас Монгол гэдэг агуу школ гаргаад ирлээ шүү дээ. Одоо дэлхийд монгол школ гэж яриад байгаа юм. Энэ сүүлийн гайхалтай баритонууд дандаа Монголоос гараад дэлхийн хэмжээнд дуулдаг. Тэрийг манай багш нар бол мундаг тавьсан. Дээр нь монгол хүний биеийн физиологи их мундаг байна. Халуун оронд очсон ч монгол хүн зохицоод тэнд хоолойны өөрчлөлт орохгүйгээр дуулж чадаж байна. Хүйтэн оронд очсон ч яг л байдаг хэмжээндээ дуугардаг хэмжээгээрээ дуугараад, дуулаад л явчхаж байна. Энэ болохоор монгол хүний биеийн онцлог юм болов уу. Аль ч тивд очсон монгол хүнд халуунд нь хавагнаад хөөгөөд хоолой нь сөөчихлөө, суучихлаа гэсэн юм байхгүй. Энэ бол монгол школын гайхамшиг. Дээр нь монгол хүний энэ биеийн онцлог. Одоо халуун орны дуучид гэхэд ч сэрүүн газар очоод, жишээ нь Москвад ирээд "Их театрт" дуулъя гэхэд бас л хэцүү шүү дээ. Хоолойнд нь нөлөөлнө, өөрчлөлт өгнө. Тэгээд би нэг монгол школ, монголчууд гайхалтай дуугарч байна. Одоо дэлхийн баритонуудыг бол одоо монголчууд толгойлоод эхэллээ шүү дээ.Тэрүүгээр их бахархаж явдаг. Г.Ариунбаатар Оросыг, одоо Ч.Бадрал гэхэд Италид байж байна. Х.Амартүвшин гэхэд одоо одоо Европыг бол эзэгнэчихлээ шүү дээ. Одоо ерээд оноос хойш 2000-аад оноос өмнө П.Ганбат маань Оросыг эзэгнэж байлаа шүү дээ. Агуу дуучин байлаа. Би зүгээр дотроо бодож явдаг юм. Энэ цаг агаар, дээр нь монгол багш нарын гаргасан манай школ гайхамшигтай гэж. Одоо дэлхийд монгол баритонууд эзэгнэж байна шүү дээ. Монголын баритонууд л дэлхийд дуулж байна.