Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт СТА, жүжигчин Л.Сөрөлтийг урьж ярилцлаа. Тэрээр олны танил болсон хэн нэгнийг цахим ертөнцөд дэвсэлж, гутаан доромжлох хүмүүсийн хандлага тухайн хүний итгэл найдварыг сүйрүүлж, мөхөөж байдаг тухай ярьсан юм.
Мөн жүжигчний гараагаа эхлэхдээ шантарч, өөрийгөө голж “орон нутагтаа ажилладаг ч юм билүү” гэж бодсон тэр тууштай байсныхаа үр дүнд өнөөдрийн зэрэгтэй яваа тухайгаа хэлэхийн хажуугаар шинэ уран бүтээлийнхээ талаар ярилаа.
Тэрээр, “Хүн болгон л олны танил, нөлөөлөгч байх гээд их хичээх юм аа. Яг үнэндээ дэмий байдаг юм. Олны танил байна гэдэг маш том хариуцлага, бас их зовлон болчихдог. Өөрийн дураараа ч байж чадахаа байчихдаг юм. Дандаа хиймэл дүрд л тоглох хэрэг гардаг. Хүн болгон ямар нэг өөтэй л байгаа. Тэр өөгөө үргэлж өнгөлөн далдлах гэж хичээдэг. Тэгэхээр л худлаа, хиймэл хүмүүс олшроод байгаа юм. Асашёорюү аваргын хэлдэг үнэн шүү дээ. Нэр төр олох амархан. Дааж явах хэцүү гэж. Үнэхээр үнэн. Траума авчихсан бичлэгүүд надад олон бий. Хэцүү шүү дээ. Байс гээд л тэр нь сөхөгддөг юм. Одоо надад юу ч наалдахаа больсон гэдэг шиг… Өмнөх залуу үеийн алдаа бол, яах вэ нэгэнт алдчихсан. Цаг хугацааг даанч ухрааж болохгүй. Тэр алдааг засаж болохгүй юм даа. Одоо нэмж алдахгүй юм сан гэдэг бодолтой болсон. Хэцүү шүү дээ. Үүнийг тэр минь мэдэх вий. Энэ маань олоод харах вий гээд л” хэмээн ярилаа.
Бид үргэлжлүүлэн,
-Тийм нөхцөлд орсон үед ямар гарзтай байх уу? Жишээ нь хүсэл мөрөөдөл унтардаг ч юм уу?
-Чи бараг хэлчихлээ дээ. Хүсэл мөрөөдлөө алдана. Итгэл үнэмшлээ л алддаг юм. Амар амгалан байх гэдэг. Жаахан байхад ах эгч нар амар амгалан байх гоё гэдэг байлаа. Тэр үед тийм тэнэг залхуутай амьдрал гэж юу байдаг юм. Хүн болгон таниад л мэндтэй устай байвал гоё гэж боддог байсан. Одоо яг үнэнийг хэлэхэд амар амгалан л баймаар байна.
Сөрөлт өөрөөсөө эгчмэд, маш баян эмэгтэйтэй суужээ гэдэг бол үнэхээр худлаа байлаа. Гэхдээ надаас жаахан эгч л дээ. Эгчийг нь больё. “Сөрөлт баян хүүхэнтэй суужээ” гэдэг л “үү…” гэмээр санагдаж билээ. Энэ хавтгай сошиал нэг талдаа бас л хөнөөлтэй шүү дээ.
-Эхнэр тань уншаад яаж хүлээж авсан бэ?
-Өөрөө мэдэж байгаа юм чинь. Баян биш гэдгээ. “Хаха ёстой гоё авч байна аа” гэж л байсан тэр үед.
-Амьдралынхаа дийлэнх хугацааг урлагтай холбожээ. Амаргүй үеүд олон байсан биз?
-СУИС-ийг төгсөөд л, тэр үед театрын жүжиг тоглогдож байхад хошин урлаг маш хүчтэй байсан. Сургуулиа төгсөөд шинэ үед ороод шууд л мандан бадарч, олны танил болоод гоё амьдаръя гэж бодохгүй юу. Тэгдэггүй дээ. Нэг жил явлаа. Хоёр жил явлаа. Гурван жил явлаа. Дүр олдохгүй. Олдож л байгаа юм л даа. Тэрэн дээрээ ажиллаж л чадахгүй байхгүй юу даа. Хөдөөнөөс ирсэн хүн байгаад байгаа. Хөлөө олохгүй л бужигнана даа. Тэгээд л сүүлдээ бодсон. За больдог юм билүү дээ. Харьдаг юм билүү. Хэрвээ намайг СУИС-аа төгсөөд ирэх юм бол Хөвсгөлийн театрт хүрээд ирээрэй. Бэлэн ажилд авна шүү гэсэн юм. Тийшээ ч явдаг юм билүү. Энд тайз засаад л, хальт гарч олны хэсэгт бүжиглээд л байхаар сүүлдээ шантарч байгаа юм. Бүжиглээд л олны хэсэгт гараад тайз зөөгөөд байгаа хүн чинь мэдээж айхтар сайн цалин авахгүй шүү дээ. Тэгсэн мөртөө энд байр түрээсэлж амьдрах шаардлага гарна. Бүх амьдрал өөрийн нуруун дээр ирчихсэн байдаг. Тэгээд л шантарч байсан. Харин нэг гоё юм нь Шинэ үе продакшн залуусаа сайн дэмждэг байсан. Сүүлдээ харин учраа олоод, ах эгч нарыгаа амраадаг болж эхэлж байгаа юм. Сүүлдээ бүр алга ташилттай болоод л. Гол нь юу байсан гэхээр тууштай байдал. Энэ л хүнийг хөгжих, дэвших боломж олгодог юм.
-Хийх зүйлээ олохын тулд хий эргэдэг жилүүд байдаг юм шиг. Тэр нь хэр хугацаа бол?
-Арван жил ч байж болно. Хорин жил ч болж болно. Хоёр сар ч байж болно. Хамгийн түрүүнд өөрийгөө олж таних. Би яг энэ ажил мэргэжилд тохирох уу, амжилт гаргах уу гэдгээ л олж таних. Үгүй бол бушуухан солих. Зөв гаргалгаагаа гаргаж авах. Хамгийн дуртай зүйлдээ тууштай байж чаддаг. Эзэн болж чаддаг.
-Саяхан шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. Жүжгийн тухай яриач?
-Шинэ уран бүтээлээ өлгийдөж авна гэдэг хамгийн гоё мөч. Гэхдээ тэр уран бүтээл нь сайн бол шүү дээ. Хоёрдугаарт тэр бүтээл дээрээ өөрийгөө харуулж чадвал. Муу уран бүтээл хийвэл тэр нь бараг дарамт болдог юм. Тааруу уран бүтээлүүд гардаг шүү дээ. Уран бүтээл бүр сайн болохгүй шүү дээ. Энэ удаа сайхан зохиолч, сайн найруулагч, баг бүрдсэний хүчинд сайн уран бүтээл болсон гэж дүгнэж байгаа. Ардын жүжигчин Мягмарнаран ах ирж үзээд хэлсэн юм. “Хүн бүр дижитал болж, ухаалаг хэрэглээнд шилжээд хүний нандин зүйлс байхгүй болж байгаа мэт санагддаг аа” гээд. 80 гарсан хүн шүү дээ. “Хүний сэтгэл их эвэршсэн гэж хардаг. Түүнийг зөөллөж дэвтээх гэсэн бүтээл гаргажээ. Сайн байна” гэсэн юм.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.