Зудын гамшигтай холбогдуулан улс орнууд болон олон улсын байгууллагуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батцэцэг хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэв.
Энэ жил өвөлжилт, хаваржилт өмнөх онуудтай харьцуулахад илүү хүндэрч, Монгол Улсын нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдоод байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, зудын гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр төрдөө нэмэлт хүч болдог бөгөөд зудын гамшигт өртсөн зорилтот бүлгийн 10,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар МУЗН-ээр дамжуулан 7200 орчим малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
Түүнчлэн Монголын улаан загалмай нийгэмлэг зудын нөхцөл байдалтай малчин өрхийг сонгохдоо хүн амын нягтаршил, малын хорогдлын тоо, өрхийн амьжиргааны эмзэг байдлыг харгалзан үзэж, тусламжийг бусад хүмүүнлэгийн байгууллагын тусламжтай давхцуулахгүй олгохоор зохицуулалт хийж ажиллаж байна. Гадаад харилцааны яамны шугамаар гадаадын улс орнууд, хүмүүнлэгийн байгууллагуудаас мөнгөн тусламж цуглуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Дэлхийн зөн, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан, Европын Холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АДРА Монгол зэрэг олон улсын байгууллага, Швейцарын Холбооны Улс, БНХАУ, Австрали, БНСУ, Ирланд, Бүгд Найрамдах Мальта Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас нийт 15 тэрбум төгрөгийн тусламж, хандив цуглаад байна.
Эx Сурвалж: Монгол Улсын Гадаад Xарилцааны Яам