Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байгаатай холбоотой тун сайхан киног та бүхэнд санал болгох гэсэн юм.Tyler Nilson, Michael Schwartz гэх хоёр уран бүтээлчийн зохиолыг нь бичиж найруулсан анхны бүрэн хэмжээний indie киноны нэр The Peanut Butter Falcon. 2019 оны 3-р сард анх нээлтээ хийхдээ хэний ч анхаарлыг татаагүй боловч гэнэтхэн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж ердөө 6,2 сая ам.долларын зардлаар бүтсэн кино маань 23,3 сая ам.долларын ашиг олж чадсан юм. Тус бүтээлийн ашиг орлого энд онцлох гол зүйл биш. Харин дауны синдромтой жүжигчин гол дүр бүтээснээрээ онцгой юм. Өдгөө 38 настай Zack Gottsagen гэх даунтай эр тус бүтээлд тун амжилттай тоглож тухайн үедээ багагүй шуугиулаад авсан юм.
Zak бол ямар ч хамаатан садангүй дауны синдромтой эр. Тийм учраас ахмадын асрамжийн газар амьдардаг байв. Нохой зодооны тамирчин болох хүсэлтэй түүнийг бие дааж гадна орчинд явж чадахгүй гэсэн үндэслэлээр хорих боловч тэр оргох болно. Ингээд санамсаргүй байдлаар Tyler-тай танилцана. Tyler бол бусдын өмчийг шатааснаасаа болоод зугтаж явсан эр. Тэд хамтдаа ахмадын асрамжийн газрын ажилтнаас, эд зүйлээ шатаалгасан ууртай эрчүүдээс зугтах замдаа дотносож сайн найзууд болох болно. Тэдний аялалд мөн ахмадын асрамжийн газрын ажилтан Eleanor нэмэгдэж хамтдаа цааш аялцгаана.
Кино бүтээгчдэд ажиллахад хамгийн хүндрэлтэй байдаг хоёр зүйл байдаг. Тэр нь хүүхэд, амьтан хоёр юм Тэднээс хүссэн жүжиглэлтээ гаргаж авна гэдэг тун их тэвчээр шаардах нь гарцаагүй. Харин үүн дээр нэмээд дауны синдромтой жүжигчинтэй ажиллах гэдэг шинэ туршлага нэмэгдэж магад. Даунтай хүний ярих чадвар, эв дүйгүй хөдөлгөөн зэрэг нь асуудал болж болох ч бид киног үзэх явцдаа түүнд дасах болно, түүнийг хайрлах болно. “Tyler, би чамд өөрийнхөө бүх төрсөн өдрийн хүслийг бэлэглэж байна” гэдэг үгийг сонсоод нулимсаа та тогтоож чадахгүй байх. Zak-ын гайхалтай сайхан сэтгэлийг дэргэд нь байгаа мэт мэдэрнэ.
Өөр өөрсдийн замаа олоогүй яваа гурван зүрх сэтгэл аялж явахдаа зөв замаа олцгооно, нэг нэгнээ олцгооно. Маш гоё сэтгэл хөдөлгөсөн бүтээлийн хэлэх гэсэн санаанууд дүрүүдийн үгээр илэрхийлэгдэхээс гадна үзүүлэх урлагаар дамжуулж олон зүйл хэлэх ажээ. Zak ахмадын асрамжийн газраас оргох үзэгдэл нь дахин төрөлтийг илэрхийлэх бол EleanorZak-ыг яг л жаахан хүүхэд шиг бие дааж юу ч хийж чадахгүй гэж хэлж дуусаагүй байхад түүний үзэл бодлыг өөрчлөх мэт үйл явдал болно. Энэ мэт үнэхээр гоё хэсгүүд олон бий. Энгийн түүхээр дамжуулан урам зориг өгөх гайхалтай бүтээлийг та бүхэн үзэж сонирхоосой гэж хүсэж байна.
Киноны нэрний учрыг мэдээд та үнэн сэтгэлээсээ аз жаргалтйагаар инээх болно.