Өнгөрсөн оны эхний 11 дүгээр сарын байдлаар цахим мөрийтэй тоглоомоос үүдэн амиа хорлосон гурав, хорлохыг завдсан нэг хэрэг бүртгэгджээ.
Бид мөрийтэй тоглоомоос үүдэн их хэмжээний өрөнд орж амиа хорлосон хэд хэдэн харамсалтай жишээнүүдийг мэднэ. Эргэн сануулбал 2021 оны найман сард эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч эхнэр, нөхөр нь мөрийтэй тоглоом тоглож 120 гаруй сая төгрөгийн оронд орсон. Улмаар хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байсан гэх. Тэд бага насны гурван хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь тухайн үед гурван настай байсан юм. Аминаас үнэтэй тоглоом гэж үгүй. Аминаас чухал мөрий гэж үгүй.
Асуудалтай холбогдуулан их хэмжээний өрөнд орсон, өөрт буй эд хөрөнгөө алдсан хүн яагаад амиа хорлох үйлдэл гаргадаг талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга ярилаа.
Тэрээр, "Мөрийтэй тоглоомоор баяждаг гэдэг агуулга л залуусыг уруу татдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Хамгийн гол нь мөрийтэй тоглоомонд донтох гэдэг жаахан цаашаа явахад л асар том гарах гарцгүй зүйл рүү орох үүд нь нээгдэчихэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомоос бөөн бөөнөөр олоод баяждаг гэдэг агуулгын хэдэн хувь нь үнэн, хэд нь худлаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч тогтоогоогүй. Залуусыг дуудаж оруулж байгаа хүмүүс “Болно, бүтнэ. Чи чадна” гээд л оруулж байгаа. Гэтэл цаана нь энэ бол зохион байгуулалттай, хэн нэгэн ашиг олдог л үйл явц. Тийм учраас ийм хүмүүсийн өгөөш, идэш болох вий гэдгээ маш сайн тунгааж бодохыг хичээ гэж хэлмээр байна.
Ер нь мөрийтэй тоглоомоор амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байгаа тохиолдол байхгүй. Харин эсрэгээрээ асар их сэтгэлийн зовлон руу өөрийгөө хийчихэж байгаа юм. Өөрөөсөө гадна эцэг, эх, гэр бүлээ тэр чигээр нь ангал руу татчихдаг. Төлж барахааргүй өрөнд орно, хамаг эд хөрөнгөө зарна. Сүүлдээ амиа хорлоод нас барлаа гэхэд ард нь маш их сэтгэлийн дарамттай нөхцөлд хүмүүсийг үлдээж байгаа л асуудал. Энэ бол эцсийн шийдэл биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Асуудалд орсон хүнд эцсийн шийд юм шиг л бодогддог. Тийм учраас ямар нэгэн байдлаар асуудал бишдээд байгаа мэдрэмж төрсөн үедээ маш хурдтай хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй. Асуудал бишдэж байгаа мэдрэмж төрж байгаа үе бол хамгийн чухал момент. Тэр үед л тусламж авах хэрэгтэй" гэв.
Цахим ширээний ард тоглож буй танаас бусад хүмүүс нэг баг болж таныг болон бусдыг хохироож байж болзошгүй. Иймд мөрийтэй тоглоомноос татгалзаж амьдралаараа мөрийцөхгүй байхыг анхааруулж байна.