Арслангийн багийг тайлж, ард нь хэн байсныг ил гаргах цаг боллоо. Энэ хүн бол олноо “Оймс Наба” хэмээн танигдсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан, МАН-ын Бага хурлын гишүүн, эрдэс баялгийн эдийн засагч Лүндэгийн Наранбаатар юм.
Ингээд түүнийг хэн бэ гэдгийг тодорхойлсон гурван сэжүүрийг үргэлжлүүлэн тайлъя.
Тайлал нэг. Улс төрийн акц
Л.Наранбаатар 2016 онд Төрийн ордонд УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд руу оймсоо шидэж, олныг шуугиулж явсан нэгэн. Урьд өмнө манайд гарч байгаагүй улс төрийн энэ акц нь том дарга нарт тодорхой хэмжээний цочроо өгч чадсан юм.
Залуу хүнийг ингэж зоригтой үйлдэл хийсний хариуд их хуралд нэр дэвших боломжийг нь хязгаарласан. З.Энхболд өдгөө ч түүнийг хорхойтой араандаа зуусаар явдаг. Гэвч эзний алба ээлжтэй, хааны алба халаатай учраас энэ хоёр хүний эрх мэдэл албан тушаалын байр солигдох өөр шинэ цаг нэгэнт иржээ.
Тайлал хоёр. Шүгэл үлээлт
Л.Наранбаатарын нэг авууштай чанар нь зөвхөн хувийн улс төр хийгээд явдаг хүн биш. Нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр цөөнгүй жил идэвхтэй ажилласныг нь хүмүүс сайн мэднэ. Жишээ нь, байгалийн баялгаас нийт иргэдэд хувь хүртээх зорилготой ганц том компани болох “Эрдэнэс тавантолгой”-н үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, 1072 хувьцааны ногдол ашгийг өгүүлэх хөдөлгөөн өрнүүлж, манлайлсан. Ингэснээр иргэдийн идэвх оролцоо, хяналт анхаарал ч нэмэгдсэн байдаг.
Үүнээс гадна өдгөө ял шийтгэл хүлээгээд байгаа МОХ-ноос угшилтай ЭТТ-н дарга нарыг олон арван тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулж, үрэн таран хийж байгааг, захиргааны зардал нь замбараагүй их байгааг шүүмжилж хэлж, шүгэл үлээж эхэлсэн түүхтэй. Улмаар энэ бүхэн яв явсаар “Нүүрсний хулгай” гэсэн нүсэр том хэрэг болж хувирсан билээ.
Тайлал гурав. Ажлын туршлага
Түүнийг амаар биш ажлаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж чадсан гэж хэлж болно. Нэгэнт эрдэс баялгийн эдийн засагч мэргэжилтэй, дээрээс нь салбарын томоохон төслүүдэд ажиллаж байсан туршлагатай болохоор “Хөтөл”-ийг удирдсан богино хугацаандаа хөглөрсөн олон асуудлыг цэгцлэх шиг болсон.
Өр ширэнд баригдаж, техник технологи нь хоцрогдсон үйлдвэрт цоо шинэ менежмент хийж, эргэн сэргэж, хөл дээрээ босох нөхцөлийг бүрдүүлсэн гэж ажилчид нь ам сайтай байдаг. Харин дарга даамал тойрсон хэл ам бол бишгүй л гарч байлаа.
Ямартай ч, тэр Дархан Сэлэнгийн бүс нутагтаа төдийгүй улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой нэгэн том аж үйлдвэрийг боломжийн төвхнүүлчхээд ажлаа хүлээлгэж өгсөн. Дараагийн карьер нь магадгүй УИХ-ын сонгуульд өрсөлдөх биз ээ.
Арслангийн багны ард амбиц ихтэй ийм хүн байжээ.
Дараагийн дугаарт шинэ оролцогчийн таавраар эргэн уулзая.