Өрөг ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаараар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг урьж ярилцлаа. Бид
- Монголд ажиллах хүчин байна уу?
- “Дампуурсан” нийгмийн даатгалын сан яаж мөнгөжих вэ?
- Малчдын НДШ-ийн 50%-ийг татвар төлөгчид бид төлөх шаардлагатай юу? зэрэг олон асуудлыг хөндсөн юм.
-Бидэнд цаг гаргасан танд баярлалаа. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Сайхан хаваржиж байна уу?
АЖИЛЛАХ ХҮЧИН ТӨРӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ЖИЛД 25-30 МЯНГААР БУУРЧ БАЙНА
-Таныг нэвтрүүлэгтээ урих болсон шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлийг онцолж ярья гэж бодсон хэрэг. Саяхан таныг сошиалаар шүүмжилсэн. Монгол эмэгтэйчүүдийг Солонгост очиж зочид буудалд ажиллах боломж нээлээ гэж. Угтаа бол монголдоо ажиллаж хөдөлмөрлөөд сайхан амьдрах нөхцлийг бий болгох ёстой салбар. Хүний нөөц дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Ийм шийдвэр намайг сайд болохоос өмнө л байсан. 10 гаруй жилийн өмнө НҮБ-аас хийсэн судалгаанд Монголын бизнест тулгамдаж буй асуудал нь одоогоор мөнгө юм шиг боловч тун удахгүй ажиллах хүчин болно гэж тэмдэглэсэн. Үүнийг тухайн үед нэг их анхаараагүй байх. Харамсалтай нь энэ өнөөдрийн маш том тулгамдсан асуудал болж ирсэн. 1990 оноос хойш 15 жилийн хугацаанд төрөлт огцом буурсан. Сүүлийн 30-40 жилийн дунджаас жил болгоны төрөлт 25-30 мянгаар буурсан. Одоо үеийн ажиллах хүчин ингэж буурсан гэсэн үг. Нөгөө талдаа хөгшрөлт эрчимтэй явж байна. Тэтгэвэр авагчдын тоо тухайн үед 200 мянга байсан бол өнөөдөр 500 мянга болсон байна.
-Танайхаас гаргадаг хөдөлмөрийн зах зээлийн статистик харахаар ажил хайж байгаа 6000 хүний мэдээлэл байна.
-Ажилгүйдлийг тооцдог аргачлал нь өөрөө асуудалтай. Хөдөлмөрийн тухай хуулинд 15 наснаас дээш иргэнийг ажиллах хүчин гэж үздэг. Гэтэл нөгөө талд тэд ЕБС-ийн хүүхдүүд. Ингээд харахаар тэдгээр хүүхдүүдийг ажил хөдөлмөр эрхлээгүй гэж үзээд байдаг. 2012 оноос хойш цалингийн өсөлт 169 хувь байна. 2012 онд дундаж цалин 557 мянган төгрөг байсан бол өнөөдөр нэг сая таван зуун мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Гэтэл үүнийг бодитоор нь аваад үзвэл 34 хувийн л өсөлттэй. Доллараар нь аваад үзвэл сүүлийн 10 жилд цалин 10 хувиар л өссөн байна.
ДНБ 2.3 ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙЖ ГАДААД РУУ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХӨДӨЛГӨӨН БАГАСНА
-Эдийн засгийн хөгжил нь ажиллах суурь, цалингийн нөхцлийг бүрдүүлж өгнө. Эдийн засаг муу байгаа болохоор ажилтнууд гадагшаа яваад байх шиг. Гэтэл ид хийж бүтээх хүмүүсээ төр нь өөрөө экспортлоно гэдэг зөв бодлого уу?
-Дэлхийн улс орнуудын чиг хандлага бол, мэдээж ардчилсан нийгэмд, дээрээс нь дэлхий даяар зорчих хөдөлгөөн чөлөөтэй болсон байгаа цаг үед хүний цалин хаана өндөр байна, тэнд л ажиллахыг эрмэлзэнэ. Түүнийг ямар нэг хуулиар зохицуулах хэцүү. ДНБ өнөөдөр 2.3 дахин нэмэгдэж байж гадаад руу ажиллах хүчний хөдөлгөөн багасна. Тэгэх юм бол гадаадад ажиллах монголдоо ажиллах хоёр зөрүүгүй болно гэсэн үг. Өнөөдөр сая төгрөгийн цалин авах, тэнд 1000 долларын цалин авах хооронд асар их зөрүү байгаад байна. Бид ажил хөдөлмөрөө харах бус чиг хандлагаа өөрчлөхөөс өөр аргагүй. Шинэ цагийн залууст гадаадад очиж үзэх хүсэл дэлхий даяараа л байдаг. Америк залуус Ази, Европ залуус Дубай явж ажиллах юм сан гэж боддог.
-Магадгүй гадагшаа ажил хөдөлмөр эрхлээд явж буй хүмүүсийн хэд нь, хэдэн жилийн дараа эргэж ирдэг юм бэ? Энэ цикл хэдий хугацааны дараа багасна гэх тооцоолол бий юу?
-Сайн туршлага хуримтлуулж ирэх нь олон бий. Хамгийн том асуудал нь манай хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт нийцэхгүй байгаад байна. Манай хийсэн судалгаагаар төгсөж гарч буй дөрвөн хүүхэд тутмын нэг нь бизнесийн удирдлага үйлчилгээний чиглэлээр төгсөж байна. Гэтэл эрэлт ямар салбар дээр үүсэж байна гэхээр техник, төхөөрөмж ажиллуулах, уул уурхай дагасан тээвэр логистик гэх мэт бүх төрлийн нарийн мэргэжлийн эрэлт бий болоод байхад тийм мэргэжилтнүүдийг бэлдэж чадаагүй байна. Хувийн хэвшил битгий хэл төр ч хэрэгцээтэй боловсон хүчнээ бэлдэж чадаагүй байна.
Ээж аавууд малаа барьцаанд тавиад хүүхдээ их дээд сургуульд сургаж байна. Гэтэл яагаад тэд ажилгүйдлийн эгнээнд шилжээд байна вэ. Энэ бол мэргэжил сонголтын асуудал. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун биш байна. Гадаадаас хүмүүс хэзээ ирдэг гэхээр эдийн засаг өсөхөөр л ирдэг. Манай улсад яг хөдөлмөр эрхлэх боломжтой сая хүн л бий. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрийг бид боловсруулан ажиллаж байгаа.
ХАЛАМЖ ГЭДЭГ МӨНГӨ ТАРААХ АЖИЛ БИШ. БИД ДАРААГИЙН АЛХАМ РУУГАА ШИЛЖСЭН
-МАН-ын бодлого халамжийг хавтгайруулдаг учраас ажил хийх хүн олдохгүй байна гэж шүүмжлээд байдаг. Халамжийн тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ? 2024 оны төсөв дээр халамжийн төсөв 10 хувиар нэмсэн байсан.
-Одоогоор хүүхдийн мөнгө халамжийн зардал дээр явдаг. Манай халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Яагаад гэхээр хүн амын хөгжлийн тухай бодлогод зориулсан зардлыг халамж гэж үздэг. Жишээ нь одонтой ээж халамжийн мөнгө гэж явдаг. Гэтэл энэ нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого. Хүүхдийн мөнгө ч халамжийн мөнгө биш. Хэрвээ халамж гэж үзвэл өмнөх шигээ 60 хувьд нь олгох зэргээр явна. Бид халамжийн хуулинд ийм чиглэлийн өөрчлөлт оруулъя гэж байгаа. Халамж гэдэг нь нийгмийн хамгаалал зайлшгүй хэрэгтэй, дэмжихээс өөр аргагүй салбарт олгодог санхүүжилт. Үүнийг зааглах хэрэгтэй.
Халамж гэдэг дэлхий даяар зөвхөн мөнгө тараах ажил биш болсон. Тухайн хүний сэтгэл зүйг өөрчлөх, ажил эрхлэх хүслийг нь дэмжих бодлого байх ёстой. Өөрөөр хэлбэл залгамжилдаг ядуурлыг бууруулдаг байх нь чухал. Одоогийн манай хуулиар тэтгэвэр авах насанд хүрсэн ч авдаггүй хүмүүс халамжийн тэтгэвэр авдаг. Шимтгэл төлөхгүй байна гэдэг нь халамж авна гэсэн үг. Яагаад гэхээр ахмад настнуудыг ямар ч орлогогүй хаяж болохгүй.
-Нөгөө талдаа халамжийн бодлого, ажил эрхлэлт хоёр хамааралтай байна уу?
-Тийм. Халамж дээр байгаа онохгүй асуудлууд бий. Халамж авах шаардлагатай айлууд 38 хувьтай байдаг. Саяхан датагаар хүүхдийн мөнгө олгох гэж үзэхэд юу болов. Тэгэхээр манай цахим тооцоолол хангалттай түвшинд биш байна. Зөв бүртгэл хийж халамжийн байгаа онох нь чухал.
-Тэгвэл манайх гаднаас ажиллах хүчин авах бодлогоо зөөлрүүлчихвэл яадаг юм бэ?
-Уул уурхай, газрын тосноос бусад салбарт ажиллах гэж байгаа хүчний төлбөрийг тавин хувиар багасгасан шийдвэр аль хэдийн гарчихсан. Зарим салбарын нарийн мэргэжилд бүр 100 хувь чөлөөлсөн шийдвэрүүд бий.
ТА ХЭР ИХ ШИМТГЭЛ ТӨЛСӨН ТЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТЭТГЭВЭР АВНА
-Нэг ажилтан ажиллуулахын тулд ажилтан өөрөө нийгмийн даатгалд 10 хувийн шимтгэл төлдөг. Ажил олгогч 13 хувийн шимтгэл төлдөг. Ажилтныхаа цалинг нэмье гэхээр ажил олгогчийн зардал өсөх гээд байна шүү дээ. Сая төгрөгийн цалингаар хүн ажиллуулахдаа 1.3 сая төгрөгийн зардал гаргадаг гэх тооцоо бий. Эргээд ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхолгүй байдаг. Үүнийг ажил олгогчоос хамаарахгүйгээр төр ажилтан хоёр зохицох харилцаагаар шийдвэл арай өөр голдиролоор явах юм биш үү.
-1994 оноос хойш тэтгэвэр тооцохын тулд, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бидний шимтгэлийг нийгмийн даатгалын сан дээр цуглуулаад буцаад тэтгэвэр болгож гаргадаг болсон. Нэг бодлын эв санааны нэгдлийн зарчим, хуваарилалтын зарчим гэж ярьдаг. Бид одоо дараагийн алхамд шилжсэн. Та хэр их шимтгэл төлсөн тэр хэмжээгээрээ тэтгэвэр авна. Яг л банкны хуримтлал шиг болж байгаа. Ялангуяа 1979 оноос хойш төрсөн хүмүүс. 20 жил шимтгэл төлсөн хүний тэтгэвэр 650 мянгаас доош байх боломжгүй. Хүн сайн дураараа сайн сайхан амьдрах хэмжээний хуримтлал цуглуулах хэцүү шүү дээ. Тэтгэврийн наснынхан хуримтлал гэхээс илүү өртэй байдаг.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ЭНЭ ОНД 400 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ БОЛНО
-Сүүлийн жилүүдээс иргэд өөрийн нэрийн дансанд мөнгөтэй болох нь. Гэхдээ манай нийгмийн даатгалын сан хоосон шүү дээ. Төрөөс жил болгон татаас авдаг. Энэ сан хэзээ төсвөөс салах вэ?
-Одоо бол ашиг орлого нь дөнгөж тэнцвэржээд явж байна. Үүнийг одоогоос мөнгөжүүлэх арга хэмжээг бид 2024 оноос авч байна. Тэгэхээр бид дахиад энэ шинэ хуульд хөрөнгө оруулалт хариуцсан тусгай зөвлөлтэй больё. Улс 400 тэрбум төгрөгийг санхүүгийн нарийн мэргэжилтэй хүмүүсээр энэхүү менежментийг хийлгэхгүй бол энэ эрсдэлтэй.
-Ямар ч байсан мөнгөжиж эхлэх гэж байгаа юм байна. Хэзээнээс 400 тэрбумтай болно гэсэн үг вэ?
МАЛЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН 50 ХУВИЙГ НЬ ТӨРӨӨС ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ ЮУ
-2024 онд шууд 400 тэрбумтай болно. Бид тооцоход хоёр гуравхан жилийн дотор яг мөнгөжих дүн нь 1.5 их наяд 3 жилийн дотор мөнгөжиж бий болох нь ээ гэсэн үг.
-Малчдын нийгмийн даатгалын 50 хувийг нь яагаад заавал төрөөс төлөх ёстой вэ? Төр төлж байна гэдэг чинь татвар төлөгч бид малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төлж байна гэсэн үг. Тэд өөрсдийнхөө малыг өсгөж байгаа, хувиараа бизнес эрхлэгч. Энэ чинь бас нэг төрлийн халамж юм биш үү?
-Энэ их амаргүй асуудал. Нөгөө талдаа малчдын хувьд байнгын орлоготой биш. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй явсаар байгаад тэтгэврийн насанд хүрдэг. Тэтгэврийн насанд хүрээд халамж авагч болдог. Энэ нь улсын төсөвт бүр их ачааллыг өгнө. Бид 50 хувийг нь хариуцъя, та өөрөө 50 хувиа төлөөч ээ. 50 хувийг нь төлөхдөө бид улсаас олгодог арьс ширний урамшуулал, ноос ноолуур сүүний урамшууллаас авах хууль эрх зүйн орчныг бий болгосон. Бид 5 жил тэр хүнийг төлөөд сургачихвал үлдсэн 15 жилээ өөрөө төлчих юм бол өөрийнхөө төлсөн шимтгэлээсээ тэтгэврээ авна.
-Бидний ярилцах цаг дууслаа. Ярилцсанд баярлалаа.