
2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Завхан аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Өнөрбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(※)-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Балжиннямын Баярсайхан оролцлоо.
Төслийн нэр : “Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн А байранд засвар хийгдэх юм. Үүнд: Дээвэр, гадна фасад, дотор засал (цонх, хаалга, шал, тааз, хана), дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны систем (унтраалга, галын дохиолол, өсгөгч, хяналтын камер)-ийг шинэчлэх юм. Засвар хийгдсэнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирч, сумын иргэд найдвартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 604 дэх, Завхан аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,523 ам.доллар юм.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам