Гуравдугаар 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе. Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарна уу. Гуравдугаар сарын 23, 24-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө -5…-10 градусаар хүйтэрч, 25-наас дулаарна.
Гуравдугаар сарын 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +12…+17 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.