Багтай хүн цуврал #3
Багны цаана байгаа хүн төрд өндөр албан тушаал хашиж, том эрх мэдэлд данхайж яваагүй ч олны анхаарал татсан үг, үйлдлүүдээрээ нийгэмд аль хэдийнээ танигдсан идэр залуу улс төрчдийн нэг.
Ингээд түүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох гурван сэжүүртэй танилцъя.
Сэжүүр нэг. Улс төрийн акц
Арслангийн багтай хүн одоогоос 10-аад жилийн өмнө нэгэн улс төрийн акц хийсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан. Түүний үйлдлийг нэг хэсэг нь уухайлан дэмжиж байхад, зарим нь “Гадныхныг дуурайлаа. Монголд арай ч ингэж болохгүй. Энэ нөхөр эргээд өөрөө том асуудалд орох вий…” гэлцэж байлаа. Үнэхээр ч асуудалд орж, үзэл бодлоо зоригтой илэрхийлснийхээ шанг хатуухан хүртсэн байдаг. Тэр яг ямар үйлдэл хийчихсэн юм бол оо?
Сэжүүр хоёр. Шүгэл үлээлт
Энэ хүн яг үнэндээ хий хоосон улс төржөөд байдаггүй. Харин нийтийн эрх ашгийн төлөө тод үг хэлж, тодорхой үйлдэл хийж ирсэн. Жишээ нь, өнөөгийн “Нүүрсний хулгай” гэх том хэргийн үндэс сэжүүр болох ЭТТ компани дахь эрх мэдлийн хэтрэл, эд хөрөнгийн тансаглалын талаар хаа байсан 2020 оны сонгуулиас ч өмнө шүүмжилж ярьж, шүгэл үлээж байсан юм.
Сэжүүр гурав. Ажлын туршлага
Хувьдаа цомхон бизнес ч эрхэлж үзээгүй залуус улс төрд улайран зүтгэх нь бий. Тэгвэл арслангийн багтай энэ хүн улс төрийн амьдралд идэвхтэй оролцохоосоо өмнө гадаад дотоодын томоохон компаниудад мэргэжлээрээ ажиллаж туршлагажсан, бас өөрийн гэсэн бизнесээ ч хөл дээр нь аль эрт босгож, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.
Тийм ч учраас түүнд хэл ам хэрүүл маргаан ихтэй төрийн томоохон өмч хариуцуулж, богино хугацаанд босгож сайжруулах үүрэг хүлээлгэсэн. Мань хүн ч нам засгийнхаа үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж чадсан гэгддэг билээ.
Арслангийн багтай хүн хэн бэ?
Хариултаа комэнт хэсэгт үлдээгээрэй.
Түүнийг багаа өөрөө тайлахаас нь өмнө амжиж таацгаая.