Нохой муур тэжээнэ гэдэг зүгээр л гэртээ авчраад уяхын нэр биш, хүүхэд асарч байгаа дайны хариуцлага, халамж шаардагддаг талаар "Азтай савар” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Ц.Болормаа хэллээ. Түүнээс бид гэрийн тэжээвэр амьтантай болохоор шийдсэн бол юун дээр анхаарах талаар ярилцсан юм.
Тэрээр, "Орон сууцанд амьтан тэжээх гэж байгаа бол тухайн амьтантайгаа 10-15 жил хамт амьдрах боломжтой эсэх, дээрээс нь миний амьдралын хэв маяг энэ амьтныг тэжээхэд дасан зохицох уу, боломжтой юу гэдгийг хамгийн түрүүнд харах ёстой.
Үүний дараа санхүүгийн асуудал гэж бий. Амьтан тэжээнэ гэдэг санхүүгийн асуудал үүсгэдэг. Тэгэхээр санхүүгийн хувьд чамлахааргүй чадвартай байх ёстой юм. Түүнчлэн нохой, муур надад яг таарах уу, ямар үүлдрийн нохой билээ, ямар арчилгаа шаардлагатай байдаг вэ, ямар сургалт хэрэгтэй байдаг бол гээд бүх зүйл дээр нь анхаарч, маш сайн төлөвлөж байж амьтан тэжээх хэрэгтэй.
Гэр хороололд нохой авч тэжээж байгаа хүмүүс болж өгвөл гүйдэг уяатай байх ёстой. Байнгын тогтмол устай байх нь чухал. Мөн тодорхой хоол тэжээлийг өгөх чухал. Тийм байхад гэр хороололд нохой тэжээхэд хүндрэл байдаггүй. Хамгийн хэцүү нь орон сууцанд амьтан тэжээхэд гол асуудал үүсдэг. Жишээ нь нохойг бага настай байхад нь өдөрт 7-8 удаа гаргаж байж гадаа хүндэрч, бие засаж сурдаг. Харин муур элсэн дээрээ хүндэрч, бие засдаг учраас тогтмол гадаа гарна гэсэн ойлголт байдаггүй. Гэхдээ муур өдөр нь унтчихаад орой нь их хөдөлгөөнтэй болж гүйдэг. Тийм учраас хооллолт болон унтах цагийг нь зохицуулах хэрэгтэй.
Үржлээс шалтгаалж золбин нохой үүсэж байна гэх нь бий. Тийм учраас бид спэй заслагыг аль болох амьтан авсан бол үржүүлэгч биш гэр бүлийн нэг гишүүн гэж үзэж байвал зургаан сар хүрэхэд нь үржлийг нь хаалгах мэс ажилбаруудыг хийлгэх шаардлагатай.
Туулга өгөөгүйн улмаас хүний бэтэг өвчин тусах эрсдэлтэй. Үүнээс урьдчилан сэргийлж гэр бүлийнхнийгээ хамгаалъя гэж бодож байвал 45 хоногтойгоос нь эхлээд, улирал бүр туулгыг нь өгч байх хэрэгтэй. Би гэрээр тэжээхдээ том биетэй нохой авах уу, дундаж нохой авах уу, жижигхэн нохой авах уу, тухайн амьтан хэр их хөдөлгөөнтэй вэ, энергийг нь зарцуулж чадах хэмжээнд байж чадах уу гэдгээ анхаараарай.
Муур авч тэжээхдээ энэ муур ямар зан араншинтай амьтан бэ гэдгийг маш сайн судалж байгаад авах хэрэгтэй. Амьтан тэжээх нь нэг талаараа бага насны хүүхдийг их энэрэнгүй зөөлөн уяхан болдог. Энэ нь хүмүүжилд сайнаар нөлөөлдөг. Тухайн амьтантайгаа тоглох нь хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэг боломж нь болдог" гэлээ.