Бид энэ удаа хууль бусаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогчоор татагдсан иргэнтэй ярилцлаа. Тэр одоо 20 настай. Анх ажиллахдаа хууль бус зүйл гэдгийг нь мэдээгүй. Сургалтын төлбөрөө хийх зорилгоор ажилласан тухайгаа ярьсан юм.
-Бидэнтэй ярилцах гэж байгаад баярлалаа. Хоёулаа мөрийтэй тоглоомд донтсон, энэ талаар мэдлэггүйн улмаас хэрэгт холбогдож болзошгүй залууст сэрэмжлүүлэх үүднээс ярилцах гэж байгаа. Хэзээнээс хэр удаан хугацаанд хэдэн хүнтэй нэгдэж мөрийтэй тоглоом зохион байгуулсан бэ?
-Зуны гурван сар зохион байгуулсан. Тавуулаа хамт байсан. Жаахан ар гэр муутай сургалтын төлбөрөө өөрсдөө олдог ядарсан хүүхдүүд л ихэвчлэн ажиллуулдаг. Мөнгөний хэрэг гараад л.
-Таны ажиллах болсон шалтгаанд нь ар гэрийн байдал хамаарсан уу?
-Үгүй. Зүгээр л ажил хийж мөнгө олж үзье гэж бодсон юм.
-Хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан уу?
-Мэдээгүй байсан. Ажлаасаа гарахын өмнөхөн л мэдсэн. 10 хоногийн дараа гарсан. Энгийн ажилтнуудаас хоёр дахин их цалин авдаг. 24 цагаар ажилладаг юм. Ингэхдээ 150 мянган төгрөг авдаг. Анх ажиллахад хүнд битгий хэлээрэй гэдэг байсан. Би хэнд ч хэлдэггүй байсан юм. Түүнээс болоод ингээд явж байгаа байх. Хэрвээ ах эгчдээ хэлсэн бол ийм тийм гэж тайлбарлаад гаргах л байсан байх.
Хүмүүс зүгээр уйдаагаа гаргах гэж л тоглож байгаа шүү дээ. Мөнгөтэй хүмүүс л тоглодог юм билээ. Би тэгж хараад байгаа юм. Их хэмжээний мөнгөө алдчихаад дахиад нэг хусна аа гээд л орж ирдэг. Эхлээд тоглохдоо мөнгө хожно. Хүн чинь шуналтай болохоор дахиж орж ирж тоглоно. Дахиад авч болно эсвэл алдана. Дахиж цэнэглэнэ. Тийм байдлаар л донтдог юм шиг байгаа юм. Мөнгөө алдаад ирэхээр бүр улайрна. Алдсан мөнгөө олохын тулд.
-Хүмүүсийн улайрдаг нь зохион байгуулж буй хүмүүсийн хувьд ашигтай үйлдэл. Тийм ээ?
-Тийм. Ширээгээ дүүрэн байлгах ёстой. Ер нь аз гэж байдаггүй.
-Аз гэж байдаггүй гэхээр юу гэсэн үг вэ?
-Өөрсдийгөө мэдлэгээрээ тоглож байна гэж бодоод байх шиг. Огт тийм зүйл байхгүй. Би бол мөнгөтэй хүмүүс мөнгөөрөө тоглож байгаа юм байлгүй дээ л гэж боддог байсан.
-Аав ээж нь чамайг байцаагдаад, шалгагдаад явж байгааг мэдэж байгаа юу?
-Мэдэхгүй. Удахгүй мэдэх л байх. Цагдаад баригдаад л яах гэж ийм балай зүйл хийв ээ. Зүгээр зөөгч, эсвэл барилга дээр ажиллачихгүй гээд их бодсон. Хөлсөө гаргаж мөнгө олох хэрэгтэй юм билээ. Амар аргаар биш, шударгаар…
-Хэдийгээр насанд хүрсэн ч гэсэн аав ээжийн хүүхэд л байгаа шүү дээ. Аав ээж ах эгчдээ ч хэлээгүй ганцаараа явах хэцүү байна уу?
-Хэцүү. Хэнд ч хэлж чадахгүй дотроо бодоод л. Гэрийнхэн чи яачихсан юм гээд л. Хааяа уйлна. Хэлж чадахгүй болохоор бачимдаад уурална. Дуу хөгжим сонсож байж л өөрийгөө аргалж байгаа.
-Одоогоор хэрэг нь эцэслэгдээгүй гэж байна. Цаашид юу болох бол гэхээс эмээж байна уу?
-Маш их айж байгаа. Шөнө орой нойр ч хүрэхгүй. Би өчигдөр орой унтаагүй. Шууд л хичээлдээ явсан. Маш түгшүүртэй. Сургууль соёлоосоо хөөгдөнө. Ял шийтгэл эдэлбэл гадагшаа ч явж чадахгүй. Ирээдүйгүй болж байна гэсэн үг. Манай аав ээж мэдвэл бөөн юм болох байх.