Монгол Улсын хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин түгээмэл тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа учраас ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын дундах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулж, эрүүл мэндийн томоохон аянуудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ.
Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулж, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 оноос, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос тууштай хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр аяныг хамтран зохион байгуулагч талууд уламжлал ёсоор аяныхаа нээлтийг хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил 10-р сард Баян-Өлгий, Баянхонгор аймагт хэрэгжүүлэх бол “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан 7,8-р саруудад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгийг зорихоор төлөвлөөд байна. ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-тэй хамтран зохион байгуулдаг.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд өнгөрсөн 13 жилийн хугацаанд аяны багийнхан Монгол орныг бүтэн 3 удаа тойрох хэмжээний зам туулж, давхардсан тоогоор 133 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ. Үүнээс 636 хорт хавдрын тохиолдол илрүүлж, 514 яаралтай мэс засал хийн, 10 мянга орчим эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан юм.
Харин “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон МҮОНРТ-тэй хамтран 2017 оноос хойш 17 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны хүрээнд 900 гаруй эмч мэргэжилтнийг чадавхжуулан 41,300 гаруй хүнийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Өнөө жил аян зохион байгуулах 4 аймгийг оролцуулбал “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 21 аймагт бүрэн хэрэгжүүлж дуусах юм.
ХААН Банк сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн нийт 510 төсөл, хөтөлбөрийг 12.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк