“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар панелистаар оролцсон юм.
Засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд Улаанбаатарыг 20 минутын хот болгохоор зорьж байна. Энэ нь 20 минут буюу 1.6 км зайд төр, нийгмийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлтийг хэлж байгаа юм. Үүний тулд нийслэлийн 204 хороог хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газарзүйн байршилд үндэслэж 42 нэгж болгон шинэчлэхээр төлөвлөж буй. Ингэснээр төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдэд илүү ойртоно.
Өнөөдрийн байдлаар нэг хороонд дунджаар 14 албан хаагч өдөрт 15-25 иргэнд төрийн 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд 400 метр тутамд төрийн үйлчилгээний ХУРДАН системийг байршуулж, 440 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөөд байна.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС