Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
КУДС-ийн захирал Ж.Солонго оюутнуудад удаа дараа гар хүрсэн бичлэгүүд цахим сүлжээнд цацагдсаар ирсэн. Гэсэн ч хариуцлага хүлээдэггүй, дархан эрхтэй түүний үйлдэл гаарч зөвхөн бие мах бодийн хүчирхийлэл бус бэлгийн хүчирхийлэл үйлдэж, сурагчдыг айлгасаар байна. Энэ тухай сургуулийн оюутнууд ам уралдан ярьж буй юм.
Бид сургуулийн хөгшин атаман, захирал Ж.Солонгоос энэ асуудалд тайлбар авах хүсэлт тавихад, “Солиор, эднийг гарга” гэж туслахдаа /жижүүр/ тушаасаар хаалгаа тас хаах нь тэр. Хөндлөнгийн үл таних хүмүүстэй ингэж “баатарлаг” харьцаж буй тэр оюутнуудыг хэрхэн дарамталдаг нь ойлгомжтой асуудал.
Түүний хэрээс хэтэрсэн үйлдлүүдийн талаар оюутнууд дараах зүйлийг ярилаа.
- Ихэвчлэн бакалаврын оюутнуудад гар хүрдэг. Нэг ахыг саяхан зодсон. Тэр үед сэтгүүлчид ирээд ярилцлага авахыг хүссэн ч сургуулийн бүх камерыг унтраагаад, устгаад явчихсан. Дээд курсын ярилцлага өгсөн ах, эгч нарыг төгсөхийн даваан дээр хөөсөн гэх яриа бий. Би болоод манай ангийнхан хөөгдөх вий, зодуулах вий гээд маш их айдастай байдаг. Бас оюутнуудтайгаа зүгээр ярьж болно шүү дээ. “Новшнууд аа, малнууд аа” гэж харьцдаг. Багш нарыг хүртэл тэгдэг. Энэ багшаасаа ийм мэдлэг аваарай гэхийн оронд энэ авгай нараас ингээрэй тэгээрэй гээд л. Өмнө нь дээд курсын ахыг зодоход хүзүү нь урагдаад, нүд нь гэмтсэн байсан. Ээж, аав нь ирсэн ч захирал олдоогүй. Уулзаагүй.
- Манай ангид зодуулж цохиулсан зөндөө хүүхэд байгаа. Дуугүй л яваад байгаа. Би захиралтай муудалцаж байсан. Тэгэхэд захирал миний гарыг гэмтээж байсан юм. Одоо ч гар дээрх сорви байгаа. Шил хагалаад бөөн л юм болж байсан.
- Ганцаараа явж буй эмэгтэй оюутныг захирал өрөө рүүгээ дууддаг. Цэвэрлэгч нь байсаар байхад аяга таваг угаа гэх зэргээр маш их зардаг. Нөгөө ангийн нэг охин байгаа юм. Түүнийг өрөөндөө оруулж байгаад алгадсан гэсэн. Яагаад тэгснийг нь мэдэхгүй. Ганцаараа явж байгаа жижигхэн биетэй охидыг өрөө рүүгээ дуудаж мөөм, өгзгөнд нь хүрнэ. Зүгээр байлгахгүй. Байнга охидын гарнаас татаж бөгс рүү нь цохих гэж чичирдэг. Бэлгийн дарамтыг үнэхээр үзүүлдэг. Энэ үйлдлүүдийг нь манай сургуулынхан тэр чигээрээ мэднэ шүү дээ. Сургууль дээр хэрэг гараад цагдаа ирэх юм бол захирал хамгийн түрүүнд багш нарыг дагуулаад зугтчихдаг. Хаашаа зугтсан нь мэдэгдэхгүй маш хурдан алга болчихдог. Камер шүүе гэхээр сургуулийн жижүүр нь тогийг нь таслаад шалгах ямар ч боломжгүй болгочихдог. Маш муухай санаатай. Зөндөө сэтгүүлч, цагдаа нар ирлээ. Хариуцлага авч байгаа зүйл огт байдаггүй. Бухимдалтай байна.