Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, үерийн эрсдэлийн индексийг арифметик дунджаар тооцож, өмнө жилүүдэд хийгдэж байсан судалгааны ажлууд болон бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу “Маш их” түвшинд байгааг албаныхан мэдээллээ. Иймд НОБГ, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт халиа тошинд өртсөн, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зэрэг сэрэмжлүүлэг өгч байна. Мөн шар усны үерийн эрсдэл бүхий газар зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхүүдэд нүүх мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.
Ташрамд, өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны 23:09 цагт "Дарь-Эхийн 29 дүгээр хороо, Дунд буудлын замд шар усны үер үүссэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгдсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц орчимд шар усны үерийн нөхцөл байдал үүссэн. Ийнхүү дуудлагын дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бригад ажиллан, зам талбайд хальсан усыг соруулаад байна. Түүнчлэн ойр орчмын цас хайлж, шар ус тогтсон байршил дахь шугам хоолойн бөглөрлийг гаргах ажил үргэлжилж байгаа юм.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС