Өдгөө Mонгол улсын хэмжээнд 1370 гаруй барьцаалан зээлдүүлэх газар буюу бидний ярьж заншсанаар ломбард байдаг. Үүний мянга орчим нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэсэн статикистик мэдээлэл бий. Нийслэлийн зарим цэгт ломбардууд хаяа хаяагаа дэрлэн олноороо айлсаж аж төрөх тохиолдол байдаг ч автобусны буудал, гудамжны үзүүр болгонд "гар утас, алт, мөнгө" гэсэн шар самбар үзэгдэнэ. Олон иргэдийн хувь ломбард бол санхүүгийн бэрхшээлийг давах шуурхай, найдвартай арга зам болдог. Энэ салбарын хууль эрх зүйн зохицуулалт сулаас иргэд хөрөнгө, мөнгөөр хохирох тохиолдол гардагыг шийдэх гэж "МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ" гэх нэртэй хуулийг УИХ баталж, өнгөрөгч 2023 оны 3 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулиар ломбардны зээлийн хүүд тааз тогтоох эрх мэдлийг санхүүгийн зохицуулах хороонд олгосон юм. Хууль хэрэгжиж эхэлснээс яг нэг жилийн дараа СХЗ-ноос ломбардын зээлийн хүүг дээд талдаа сарын 4.5 хувь байхаар тогтоосон. Энэ зохицуулалт уян хатан бус, зах зээлийн нөхцөл байдалдаа нийцээгүйгээс олон барьцаалан зээлдүүлэх газар зээл олголтоо зогсоож, хаалгаа барихад хүрээд байна. Үүнд хохирч байгаа нь ломбардын эздээс гадна уг зохицуулалтаар хамгаалагдах ёстой иргэд, хэрэглэгч нар шаардлагатай санхүүгийн үйлчилгээгээ авч чадахгүй болсон хэмээн иргэд ярьж байна. Ийнхүү барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцсанаа хүргэж байна.
Барьцаалан зээлүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл: Иргэдийн хувьд 4.5 гэдэг тоо их гоё сонсогдож байгаа ч нөгөө талаараа бид бизнес хийж байна гэдгээрээ ашигтай ажиллах ёстой. Хэрэв 100 саяын активтай ломбард байлаа гэж бодоход нийт архиваараа сардаа 4 сая 500 мянган төгрөгийн орлого олно гэсэн үг. Манайх гэхэд л 30 метр квадрат талбай түрээсэлдэг, үүндээ 2 сая төргөг төлдөг. Дээр нь урсгал зардал гэж юм гарна. Энэ урсгал зардалдаа бид 500 мянган төгрөг төлж байна. Ингээд 2 сая 500 мянга болно. Энд өглөө 9 цагаас оройны 10 хүртэл уртасгасан цагаар ажиллах хэрэгтэй болно. Нэг хүн байнгын байлгаад байх хэцүү учраас ээлжийн нэг ажилтан авах хэрэгтэй. Тэр хүнд 1 сая 500-аас дээш цалин амлаж байж эндээ ажиллуулна. Ингээд 4 сая төгрөг байхгүй болчихлоо. Үлдсэн 500-гаасаа би татвар төлнө. Бизнес хийж байгаа хүн ашиг олох хэрэгтэй, тийм юм байхгүй болчихно. Би гаднаас хувцас оруулж ирж зардаг, энэ өмссөн хантаазаа урдаас 100 мянган төгрөгөөр оруулж ирлээ гэхэд “чи энийг 104 мянга 500-гаар л зар” гэж тулгаж байгаатай яг адилхан. Хамгийн гол нь хүүний тааз тогтоож биднийг боомилж байгаа нь учир дутагдалтай. Заавал 4.5 гэж заасан нь буруу. Хэрвээ 4.5 гэж зааж байгаа бол энд хугацаа тавих ёсгүй. Яагаад гэвэл энэ чинь өрсөлдөөний бизнес. Чөлөөт зах зээл, ардчилсан нийгэмд юм хоорондын өрсөлдөөнөөрөө зохицуулагдаад явдаг болохоос биш хүчээр ингэж барьж болохгүй. Шулуухан хэлэхэд аппликейшны зээл, ББСБ энэ тэрийн лобби байх магадлалтай юм гэсэн миний хувийн хардалт байна. Яагаад гэвэл энэ аппликейшний зээлүүд чинь өөрөө хүү нь сарын 10 хувь байдаг. Тэр сарын 10 хүүтэй зээлээ явуулахын тулд маш өндөр актив эргэлдэж байгаа. Ер нь 1-2 тэрбум яригдах юм билээ. Бид нарын хувьд тийм биш шүү дээ. Үсрээд л 100-200 сая гэхээс тэрбум, олон зуун саяаар яригдах юм байхгүй.