Уэльсийн гүнж Кэтрин энэ оны 1-р сард хэвлийн хагалгаанд орсон. Түүнээс хойш анх удаа өөрийнхөө зургийг ээжүүдийн өдрийг тохиолдуулан олон нийтэд ил болгосон юм. Энэ зургийг хунтайж Уилльям авсан бөгөөд Уэльсийн гүнж хүүхдүүдийнхээ хамт харагдаж буй. Анхандаа зургийг олон нийт эергээр хүлээн авч, ирээдүйн хатных нь бие сайн байгаад сэтгэл амарч буйгаа илэрхийлцгээж байсан. Гэвч зураг цацагдсанаас төд удалгүй AFP, Reuters, Associated Press зэрэг томоохон агентлагууд түүний зургийг устгасан байна. Учир нь эхний цацагдсан зураг дээрх гүнж Шарлотын зүүн гар тэгш бус хэмтэй харагдсан гэж хэвлэлүүд үзэж байгаа аж. Уг зургийг хунтайж Уилльям өөрийн цахим хуудсанд нийтэлсэн ба түүнийг цахим сүлжээнд оруулахаас өмнө Кенсигтоны ордны медиа баг зураг дээр ажилласан байх магадлалтай юм. Учир нь тус баг хунтайж ба гүнжийн цахим хуудсуудыг хөтөлдөг. Гэхдээ энэ нь гүнж Кэтриний биеийн байдлыг нуух гэсэн оролдлого биш гэж хэвлэлүүд үзэж байна. Гүнж Кэтрин хагалгаанд орсноосоо хойш хоёр сарын хугацаанд олны нүдэнд харагдаагүй. Тиймээс ээжүүдийн өдрийг тохиолдуулан түүний биеийн байдлыг нуун дарагдуулах гэж оролдох нь Кэнсигтоны ордноос хийхээргүй болгоомжгүй үйлдэл гэж хэвлэлүүд үзэж буй. 1-р сард Уэльсийн гүнж эмнэлэгт 13 хоногийг өнгөрөөсөн. Түүний биеийн байдлын талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл хааны гэр бүлээс өгөөгүй нь энэ зурагтай холбоотой олон таамаг дэвшүүлэхэд хүргэж байна гэж олон нийт үзэж байна. Гэхдээ гүнжийн эрүүл мэндийн нөхцөл байдал хорт хавдартай холбоогүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
https://www.bbc.com