2020 онд анх цацагдсан Zura нэртэй бүрэн хэмжээний кино багагүй хэл ам дагуулж байв. Хуульч, эрхзүйчдийн шүүмжлэлийн амны бай ч болоод амжсан. Үүнээс илүүтэйгээр сүүлийн 30 гаруй жил Монгол улсад үйлдэгдсэн улс төрийн, эдийн засгийн луйвар булхайн томоохон бодит хэргүүдийг хөндсөн зохиолтой байсан нь зарим хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан. Хүн амины хэрэг, өмч хувьчлал, банк дампууруулсан хэрэг, уул уурхай тойрсон хууль бус шийдвэрүүдийг бид санаж байгаа. Энэ нь цаагуураа тус уран бүтээлчдийн зохиолыг хөшигний араас бичиж өгөөд кино хийлгэх захиалга өгчихөв үү гэсэн хардлага дагуулсан юм. Шударгаар ажил, албан үүргээ гүйцэтгэх гэсэн олон залуусын зоригийг мохоож санасандаа хүрдэг улс төр, бизнесийн элдэв бүлэглэл одоо ч хүртэл бидний дэргэд албан тушаалын зөөлөн сандал дээр тухлан байгаа нь үнэн билээ. Кино бүхэлдээ хуулийн судалгаа сайтар хийгдээгүй гэсэн шүүмжлэл дагуулж байсан ч үзэгчдээс эерэг үнэлгээ хүртсэн байдаг.
Үүнээс 2 жилийн дараа буюу 2022 онд ZURA 2: Цурам ажиллагаа нэртэйгээр удаах ангийг кино театрт нээсэн. Цаг өөр байхад Монгол улсын төрийн шийдвэрээр хятад иргэдийг албадан гаргаж байсан түүх дээр үндэслэн киноны өнөө цагт тохируулан зохиолоо бичсэн байв. Урд хөршөөс явуулж буй эдийн засгийн нууц хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоохоор ТЕГ-ын залуус ажиллаж байгаа тухай өгүүлэх бөгөөд мөн авилгалд идэгдсэн хууль шүүх, хууль тогтоох байгууллагын албан тушаалтнуудын эх орноосоо урваж буй үйлдлийг хурцаар шүүмжлэн харуулжээ.
Дээрх хоёр бүрэн хэмжээний киноноос Фантастик продакшны залуу уран бүтээлчдийн амбиц нэвт ханхална. Сүүлийн үед хийсэн түүхэн, дайн тулааны сэдэвтэй кинонуудаас нь мэдрээд удаж байгаа. Эх оронч үзэл, үндсэрхэг үзэл тэр дундаа урд хөршийн иргэдийг үнэн зүрхнээсээ үзэн ядаж буй зэрэг нь кино багийнхны анхаардаг гол санаа юм. Үүнд ч үзэгчдийн дийлэнх нь дуртай байдаг учир багагүй ашиг орлого олох, урд хөршөө үзэн яддаг үзэгчдийг ч ихээхэн баярлуулж огшоодог байх.
Үргэлж шинийг эрэлхийлж, аюултай үзэгдэл, тулаан, зэвсэг хэрэглэлийг мэргэжлийн мэт ашиглах зэргээр туршиж сорьсон залуусын дараагийн кино буюу Zura III “Цэвэрлэгээ" хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж амралтын цөөхөн хоногт жаран мянга гаруй тасалбар борлуулсан амжилтыг үзүүлээд байгаа юм. Тэдгээр хүмүүсийн нэг нь би болж тасалбараа худалдан авч өмнөх хоёр киноноос үлдсэн мэдрэмж, хүлээлтээ тээн үзвэрийн танхим руу алхсан билээ. Гэтэл PG-13 хязгаарлалттай атал 13-аас доош насны маш олон хүүхэд эцэг эхийн хяналтгүй надтай хамт танхим руу орж байгаад багагүй бухимдсан. Трейлэрээс бид бэлхэнээ ёс бус хэллэг, аллага, нүцгэн тайчигч бүсгүйчүүдийн хэсгийг харсан. Харамсалтай нь үүнд эцэг эхчүүд нь ч, кино театрын ажилтнууд ч, уран бүтээлчид нь ч санаа зовоогүй байлаа.
Кино эхлэхдээ урд хөрш, хойд хөрш хоёрын хууль бус худалдаа наймаа эрхэлдэг буу шийдэм агссан хамгаалагчтай, баян тансаг эрхмүүд тус тусын харшдаа Монголоос родиум гэх маш үнэтэй ховор металлыг худалдаж авахаар хэлэлцээр хийх аж. Улсынхаа баялгийг хууль бусаар гадагш алдахгүйн тулд ТЕГ-ынхан амь үл хайрлан тагнаж албан ажлаа гүйцэтгэх болно. Үүнээс гадна авилгад идэгдэж гаднын гар хөл болсон шүүх прокурорын албан тушаалтнуудын эсрэг тэмцэх хэсэг найзууд, АТГ-ын шударга комиссар зэрэг залуус чадлаараа л тэмцэнэ. Гэхдээ нэг хоёр алхмын наана цаанаа хөөцөлдөж төдийлөн амжилт олохгүй байсан тул хуулиас гадуур бүх асуудлыг шийдэхээр сэтгэл шулуудацгаадаг.
Хоёр хөршийн хууль бус худалдаа эрхэлдэг гадныхан, тэдэнд зарагдсан бүлэглэлүүд, манай талынхан буюу дээрх цогтой залуус гээд олон дүрүүдийн зэрэгцээ үйл явдлын шугамуудыг огтлолцуулах, өрнүүлэх нь кино зохиол бичсэн баг, найруулагчийн зоригтой шийдэл байсан. Энэ нь киног завдал өгөхгүй үйл явдлаар булах боловч нөгөөтэйгүүр сулруулж байсан юм. Олон үйл явдлын дарааллыг гүйлгэн үзэж буй мэт сэтгэгдэл төрж байсан.
Фантастик продакшны үндсэн жүжигчдээс гадна урилгаар жүжигчин Т.Бархүү эсрэг дүрд тоглосон нь шинэлэг зүйл болсон юм. Ихэнхдээ эерэг, хөгжилтэй дүр бүтээдэг тэрээр өөрийгөө мөнгө, эрх мэдлийн төлөө ямар ч хүнийг алж чадах хэрцгий хүнд хувирсан байлаа. Заримдаа хараал хэлэх нь аз болж үйл явдал, нөхцөл байдалтай зохицох ч ихэнх нь харамсалтайгаар чихэнд үл наалдана. Ер нь тус бүтээлд хараалын үг ихээхэн ашиглагдах бөгөөд өмнөх ангид цөөнөөр оновчтой ашигласнаас урам авсан уу яасан хэтэрхий олныг үр дүнгүйгээр цацаж орхих шиг болсон. Жүжигчин Ц.Номин өмнөх ангид тун гоё жүжиглэлт, тулааныг үзүүлсэн ч энэ удаад тэгсэнгүй. Харин шинээр орж ирсэн дүр Ари /Б.Ганболор/ бол өндөр, том биетэй, хөдөлж ярьж байгаа нь характиртай гоё орж ирсэн ч төдийлөн сайн ашиглаж чадаагүй нь тун харамсалтай.
Олон Ари камераар авлаа ч лонгшот тун чанаргүй болсон байсныг, компьетер графикын ажлууд хангалтгүй хайнга алдаанууд ихтэй байсан нь сэтгэл гонсойлгосон. Мэдээж жинхэнэ буугаар буудахгүй. Кинонд зориулсан бууг ашигласан нь тун сайшаалтай хэрэг ч sound editing дээрээ хэд хэдэн ноцтой алдаа гаргасан нь санамсаргүй бус харин ч хайхрамжгүй байдал гэж үзэгч миний зүгээс дүгнэхээр байлаа.
Кино бүхэлдээ маш олон дүр, зэрэгцээ шугаманд өрнөх үйл явдлыг найруулахын сацуу олон тулаан, хөөцөлдөөн, ээдрээг сонирхолтой байдлаар найруулан хүргэх гэсэн challenge хийсэн бүтээл байсан. Үүн дээр жүжигчдийн гүйцэтгэл, зарим нэгэн эвлүүлгийн алдаа, sound-ын алдаануудыг анзаарахгүй байж үнэхээр чадсангүй. Киноны төгсгөл хэдий epic боловч өнөөх л ярьж хэлдэг үг, үзэл бодол өөрчлөгдөөгүй хэв маягаар гаргах нь тун чамлалттай санагдсан. Одоо өөр кино хийж үзвэл ямар вэ.
Akira