Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр буй. Тухайлбал нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл нүүрлээд буйг мэргэжилтнүүд анхааруулсан. Ингэхдээ мөсийг тээвэрлэх, эрсдэлтэй бүсэд амьдарч буй өрхийг нүүлгэх ажлыг хийж буй тухайгаа мэдээлсэн юм.
Тэгвэл БЗД-ийн 29 дүгээр хорооны оршин суугчид эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа хэдий ч нүүх боломжгүй тухайгаа хэллээ.
АГААР ДЭЭР АМЬДРАЛТАЙ НЬ БИШ…
Иргэн А:
Манайх саяхан энд нүүж ирсэн. Хашаагаа овоолоод тавьчихсан л байна. Шороо овоолоод гэрээ барьсан болохоор үер усны аюулд өртөхгүй болов уу л гэж бодож байна. Энд манайхан цөмөөрөө амьдардаг. Ах дүүгийн хүүхдүүд нийлээд найм. Хөгшин настай хүмүүс ч бий. Гурван гэрээ аваад бид хаашаа явах вэ дээ. Зөвшөөрөлгүй газар амьдарлаа. Үерийн бүсэд суурьшлаа. Хөдөөнийхөн яв энэ тэр гээд хүмүүс ад үзээд байдаг болтой. Хэн ч хот бараадаж амьдралаа залгуулахыг хичээнэ биз дээ. Монголын ард түмэн алга газар эзэмшээд амьдарч болохгүй ийм л нийгэм байна. Олдож байгаа нь гол дагуу газар. Агаар дээр амьдралтай нь биш дээ. Телевизээр харахад гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлнэ л гэх юм билээ. Гэтэл ард иргэд нь ингэж амьдарч байна шүү дээ.
АВТОБУС УНАА Ч ЯВДАГГҮЙ ГАЗРЫН МУХАР ЛУУ НҮҮЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ
Иргэн Х:
Нийслэлээс арга хэмжээ сайн авч байгаа. Манай хашаа руу мөс халиад орчихсон. Өнгөрсөн зуны үерээс болоод хашаагаа наашаа татсан юм. Хорооноос биднийг нүүхийг шаарддаг л даа. Бидэнд газар өгье л гэсэн. Гэхдээ тэр газар нь автобус унаа ч явдаггүй. Сургууль, цэцэрлэг нь ч хол тийм газар байсан. Жил болгон ийм айхтар зүйл болоод байдаггүй. Энэ жил л сүйд болох нь. Манайх л гэхэд ам бүл зургаа. Сургуулийн насны гурван хүүхэдтэй. Амьдраад хориод жил болж байгаа газраа орхиод нүүх амар биш шүү дээ. ОБГ-гаас бидэнд үргэлж л зөвлөмж хүргүүлдэг юм. Шар усны үерийн бохироос л сэргийлж чадахгүй нь. Мөс хайлаад ирэхээр био нойлоо ашиглах л байх. Өөр арга байхгүй.
ХАЛИА ТОШИН ҮҮССЭН БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН ХҮМҮҮС ШОРОО ОВООЛООД ГЭРЭЭ БАРЬСАН
Иргэн С:
Энд 2006 оноос амьдарч байгаа. Халиа тошноос сэргийлээд шороо асгаад, аргалаад л байна. Гол халихгүй бол гайгүй. Энэ хавийн хүмүүст газрын зөвшөөрөл огт байхгүй. Өгдөггүй юм билээ. Халиа тошин үүссэн бүсэд амьдарч байсан хүмүүс гэрээ зөөж, шороо овоолоод байж байгаа. Жил болгон л халиа тошин болно. Хүн хар их тусалдаг л юм. Хашаан дотор ус орж ирсэн. Эрэг нь сэтэрсэн юм гэнэ лээ. Манайх булгийн тэндээс ундныхаа усыг авч байгаа. Нийслэлээс үерийн эрсдэлтэй бүсээс нүүх шаардлагатай гээд жил болгон нэг цаас өгдөг. Нүүсэн хүн алга л байна. Газар байхгүй бид яах вэ дээ. Нэг бол уулын орой, эсвэл ус голын дэргэд л гэрээ барина. Өөр хаана амьдрах вэ.
Дүүргийн хэмжээнд хэчнээн айл өрх эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй оршин сууж буй талаар бид БЗД-ийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны ахлах мэргэжилтэн Х.Товуугаас тодрууллаа.
ИРГЭД НҮҮЛГЭХИЙН ОРОНД ДАЛАН БАРИАД ӨГ ГЭХ САНАЛ ТАВЬСАН
Тэрээр, "2022-2024 онуудад шар усны үертэй холбоотой судалгааг жил бүр гаргаж байгаа. БЗД-ийн нэгдүгээр албаны хэмжээнд 252 нэгж талбар эрсдэлд өртдөг. Улиастай гол дагасан зөвшөөрөлгүй 80 орчим айл бий. Тэд онцгой байдлын бүсэд суурьшаад олон жил болж байгаа. Тэдгээр айл өрхүүдэд газар эзэмшлийн бичиг олгох ямар ч боломжгүй. Шар усны үерт өртөж болзошгүй гээд өргөн хүрээгээр судалгаа гаргадаг. Энэ хүрээнд газар эзэмших зөвшөөрөлтэй ч эрсдэлтэй 40 орчим айл байдаг. Мөн БЗД-ийн 10, 11 дүгээр хороонд халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 100 гаруй айл бий. Өнгөрсөн оноос эхлээд зөвшөөрөлгүй оршин сууж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж урдчилан сэргийлэхээр албан мэдэгдлүүд хүргүүлсэн. Иргэд бол нүүхгүй л гэдэг. Ингэж буйн шалтгаан нь сургууль цэцэрлэг унаа тэрэгний асуудлыг ярьдаг юм. Эрсдэлд байгаа айлууд далан хийгээд өг өө гэх санал гаргасан. Судалгаа хийхэд үерийн далан барих нь төсөв ихтэй ч боломжтой зүйл. Дан гэр биш байшин саваа бариад суурьшчихсан хүмүүс шүү дээ. Энэ асуудлыг дээш уламжилсан байгаа. Өөрөөр хэлбэл БЗД-ийн нэгдүгээр албанд хамаарагдах эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийн асуудлыг далан барьж шийдэж болно. Харин 29 дүгээр хороо орчмын айл өрхийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ хариуцсан алба биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна” гэлээ.