Өнгөрсөн жилийн хамгийн шуугиан тарьсан кинонуудын нэг бол “Оппенхаймер” байсан. “Атомын бөмбөгийн эцэг” гэгдэх Оппенхаймерын тухай өгүүлэх тус бүтээлд Тони Старкын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Роберт Довни Жуниор дүр бүтээсэн билээ. Тэрбээр Академийн шагнал гардуулах ёслолд гурван ч удаа нэр дэвшиж байсан бөгөөд ийн анхны шагналаа авлаа. Түүнд “шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг авчирсан дүр нь жүжигчин эрийг өөр өнцгөөс харахад хүргэсэн талаар кино шүүмжлэгчид сайшаагаад буй. Энэ номинацид түүний хамтаар “Killers of the Flower Moon” киноны дүрээр алдарт жүжигчин Роберт Дэ Ниро, “Барби” киноны Кений дүрээр Райн Гослинг, “Poor things” киногоор Марк Раффало тэргүүтэй жүжигчид өрсөлдөж байсан юм. Жүжигчин эр 2008 онд “Iron Man” кинонод тоглож, карьерынхаа эрс өөрчлөлтийг хийхээсээ өмнө амаргүй даваа туулсан байдаг. Тухайлбал, 1990-ээд оны сүүлээр хар тамхины хэрэглээтэйгээ тэмцэж, хэд хэдэн хэрэгт холбогдсоны эцэст кино урлагтаа эргэн ирсэн түүхтэй.
Эx Сурвалж: www.indiewire.com